horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Пүүжгээ буцаад 1-р эгнээнд ирлээ

post-img

Х.Нямбаатарын ачуулсан ТҮЦ-үүдийг буцаагаад явган хүний зам дээр авчирч тавьсан Н.Учрал өчигдөр пүүжгээнүүдийг буцаагаад авто замын 1-р эгнээнд орууллаа. Авто замын түгжрэлээ багасгахын тулд ард түмнийг автобусанд суухыг уриалж ирсэн хотынхны ажлыг Засгийн газар үгүй хийв.

Н.Учрал, Х.Нямбаатар хоёр хоорондоо асуудалтай байж болох ч хотын хөгжил, олны асуудлыг шийдсэн шийдлийг албан тушаалын эрэмбэ, эрх мэдлийн илүүгээ ашиглан ухрааж болохгүй. Ийм Ерөнхий сайд манай улсад хэрэггүй. Засгийн газрын тэргүүн нь ололтыг нураадаг, амжилтыг ухраадаг байж таарахгүй.   

ГЕГ-ын мэдээллээр Монгол Улс 2022 оноос хойш 1561 цахилгаан машин гадаадаас оруулж иржээ. Үүний 76.3%-ийг нь БНХАУ-аас нийлүүлсэн байв. Импортолсон цахилгаан машины тоо, үнэ:

  • 2022 онд 5.8 сая ам.доллароор 214 машин,
  • 2023 онд 10.2 сая ам.доллароор 419 машин
  • 2024 онд 13.9 сая ам.доллароор 504 машин,
  • 2025 онд 9.3 сая ам.доллароор 336 машин,
  • 2026 оны 4 дүгээр сарын 12 хүртэл 1.6 сая ам.доллароор 88 машин

2024 он хүртэл цахилгаан машины импорт байнга өсөж ирсэн бол 2025 оноос буурчээ. Энэ нь Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласантай холбоотой аж.

2022.01.01-2026.04.12 хүртэл импортолсон 1561 цахилгаан машиныг үйлдвэрлэсэн улс:

  • 76.3 хувийг нь БНХАУ,
  • 10.2 хувийг нь Япон улс,
  • 5.1 хувийг нь АНУ,
  • 8.4 хувийг нь бусад улс.

Үүнээс үзвэл манай улс БНХАУ-аас цахилгаан машин авч байна. Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машинд манай улс ногоон дугаар олгож, 1-р эгнээгээр явуулдаг. Тэгвэл бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй машинд ногоон дугаар олгодоггүй. Харин одооноос олгоно, Н.Учралын шийдвэрээр.

Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр Улаанбаатар хотод 806 мянган машин бий. Үүний 359 мянга нь хосолсон хөдөлгүүртэй. 2 машины 1 нь хосолсон хөдөлгүүртэй байгаа биз. Энэ олон машин ногоон дугаар авч, 1-р эгнээгээр автобустай зам булаацалдвал буцаад тэг зогсоно. Автобусанд суух хүн үгүй болно. Бүгд “Приүс”-ээ унаад, автобустай уралдана.  

Үүн дээр хөдөөнөөс Улаанбаатарт орж ирдэг “Приүс”, “Акуа”-г нэмбэл замбараагүй юм болох нь тодорхой. Манай улсад яваа 1.5 сая машины 45% нь хосолсон хөдөлгүүртэй. Түүний дийлэнх нь пүүжгээ. Тэд ч бас ногоон дугаар авч, нийслэл хот дундуур нэг өдөр ч болтугай 1-р эгнээгээр давхихыг хүсэх л байлгүй.

Өнгөрсөн оны байдлаар гадаадаас импортолсон суудлын машины 76 хувь нь хосолмол хөдөлгүүртэй байв. 2025 оны 6-р сард УИХ-аас баталсан Татварын хуулиар хосолмол хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлт 2026 оноос хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр ийм машины тоо цаашид ч нэмэгдэх нь тодорхой болж байна.

0/1000