Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Монгол Улсын 3.4 сая хүний 1.7 (48.7%) сая нь сүүлийн нэг жилд дотооддоо аялжээ. Тэдний 862 мянга (51.5%) нь эмэгтэй, 813.1 мянга (48.5%) нь эрэгтэй. Монгол аялагчдын 1.3 сая буюу 76.2 хувь нь гэр бүлээрээ аялсан байв. Үүнээс үзвэл 2 хүний 1 нь яаж ийгээд, ямар нэг байдлаар дотооддоо аялжээ. Наадмын амралтаараа ч болов нэг тийш явсан байна.

Тэгэхэд манай улс гадаадаас 1 сая жуулчин авчрахаар Ерөнхий сайдаасаа эхлээд жуулчны хөтөч хүртлээ дээр дооргүй мөрөөдөж яваа. Гадаадаас ирэх жуулчид гол нь МИАТ, аяллын компаниуд, жуулчин тээвэрлэдэг иргэд, зочид буудал, ноолуурын үйлдвэрүүдэд орлого оруулдаг. Харин дотоодын аялагчид эх орондоо онгоцоор аялдаггүй, аяллын компаниар үйлчлүүлдэггүй, машин түрээсэлдэггүй, үнэтэй зочид буудалд байрладаггүй, ноолууран хувцас авдаггүй. Ялгаа нь үүндээ бий.

Гэхдээ гадаадын жуулчин бүр үнэтэй буудалд орж, ресторанаар үйлчлүүлэн, ноолуур авдаггүй. Гадаадын жуулчин бүр бидний хүссэн хэмжээний орлогыг манай улсад оруулдаггүй. Үүргэвчтэй аялагч зөндөө. Дэндүү амгалан эх орны маань дуртай газраа монгол хүн шиг хээр хонож, айлын хоол буудаж, замын машинд гар өргөж явдаг. Тэгж яваад, гадаад хүн гэхээр хязгааргүй баян гэж ойлгодог нэгний гарт өртөж, хохирон, Монголын талаар муу мэдээ Дэлхийгээр нэг тараах нь яршигтай. Энэ нь дараагийн жуулчныг манайд ирэх хөлийг тушиж, төлөвлөгөөг нь цуцлуулдаг.

Гадаад жуулчнаас 1 доллар олж байхад дотоодын жуулчдаасаа 2 доллар алдаж байна

2024 онд манай улс гадаадын жуулчдаас 592 сая ам.доллар олсон бол зөрөөд монголчууд 1.6 тэрбум ам.доллароор гадаадад аялжээ. 2025 онд 420 мянган жуулчин гадаадаас хүлээн авч, 527 сая ам.долларын орлого олсон бол монголчуудын гадаадад аялсан зардал 845 сая ам.долларт хүрэв. Ингээд харвал манай улс гадаад жуулчнаас 1 доллар олж байхад дотоодын жуулчдаасаа 2 доллар алдаж байна. 1-ийг олоод, 2-ыг алдаж буй салбарыг ашигтай гэж үзэх үү?

Аялал жуулчлалын салбараас орлого оллоо, орлого нэмэгдлээ гээд баясаад байгаа боловч зөрүүлээд, гадагшаа урсгаж байгаа мөнгөө харьцуулж үзэхгүй байна. Харьцуулахаар хийсэн ажил харагдахгүй болчих гээд байгаа болохоор тэр л дээ.

Тэгэхээр одоо ийм алдагдалтай ажиллаж байгаа салбарыг экспортын гол орлого олдог салбар боллоо гэж зарлахаа больж, “Гадаад жуулчин бүрээс яаж ахиухан мөнгө салгах вэ”, “Дотоодын аялагчдын мөнгийг яаж эх орондоо авч үлдэх вэ” гэж бодож, хариу олох шаардлагатай.

Дотоодын аяллын гол чиглэл:

Хөвсгөл аймагт 328.6 (14.1%) мянган жуулчин,

Архангай аймагт 265.2 (11.4%) мянган жуулчин,

Улаанбаатарт 211.6 (9.1%) мянган жуулчин,

Сэлэнгэ аймагт 178.0 (7.7%) мянган жуулчин,

Өвөрхангай аймагт 153.2 (6.6%) мянган жуулчин,

Увс аймагт 146.7 (6.3%) мянган жуулчин

Эдгээр чиглэлд ганц, хоёр гэр бариад монголчуудаа хөлсүүлж байгаа хүмүүс, айраг, хонио зарж байгаа малчдын орлогыг хэн ч тооцдоггүй. Шатахууны бизнес эрхлэгчдийн гол орлого зуны хэдэн сард, тэр дундаа наадмаар ордог. Тэр орлогыг нарийн тооцвол МИАТ-ын орлогыг давахгүй гэхэд дутахгүй л байх. Үндэсний статистикийн хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран 2025 оны 11 дүгээр сарын 10-28-ны хооронд хийсэн “Дотоодын жуулчдын түүвэр судалгаа”-наас үзвэл Үндэсний их баяр наадмаар дотоодын аялал чинээндээ тулж, 7-р сарын 12-17-ны хооронд өдөрт 800.000-900.000 хүн аялдаг юм байна.

Тэдний очдог газарт төлбөртэй үйлчилгээ, мөнгөтэй үзвэр ахиухан бий болгож, тухтай аялах боломжийг нь ханга л даа. Хөвсгөлд очлоо. Гэр юм уу, шовгор хөлсөлнө. Завиар зугаална, “Сүхбаатар” онгоцонд сууна. Цаа бугатай зургаа авахуулна. Тэгээд боллоо. Сүүлд хэдэн залуу Эг гол дээр зиплайн байгуулсан. Хөвсгөлийн алдарт цагаан загас… энэ тэрийг идмээр, худалдаж авмаар байна. Ажлынхандаа, ах дүүстээ авчирч амтлуулмаар байна. Хатгалын захаар орвол шилтэй загаснаас өөр, Хөвсгөлийнх гэж онцлох юм юу ч байдаггүй. Тэгсэн атлаа Хятадаас авчирсан бугуйвч, аяга… зарж байдаг.

Дотоодын аялагчид аяллаа ихэвчлэн 4-7 хоногоор төлөвлөдөг нь ч үүнтэй холбоотой. Үзэх юм, амрах газар, идэх уух юм хомс байгаатай энэ нь яах аргагүй холбоотой. Наад зах нь Хатгалд байгаа Могой модыг очиж үздэг хүн тун цөөн. Тийм мод байдгийг ч мэддэггүй. Тэрийг хашиж, аялагчдад мэдээлэл өгөөд, төлбөр авч оруулдаг болоход л орон нутгийн төсөвт чамгүй мөнгө ороод л ирнэ. Могой модны жижигхэн баримал хийгээд зарсан ч болохоор.

Энэ мэтээр дотоодын аялагчдаа додомдвол гадаадын жуулчдаас ч дутахгүй орлого олох боломж дэндүү их байх юм. Яая даа байз.

- Шинэ
- Хандалттай