2024 оны нэгдүгээр сард БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцэж, дэлбэрэлт болсон. Тус осолд Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр өртөж, 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн байраар амьдарч байгаа юм. Тэгвэл галд өртсөн байрыг 2025 оны 9-р сарын 5-наас нураах ажлыг эхлүүлж, дуусгасан. Үүний араас тухайн байрыг дахин шинээр барих тендерийг зарласан. Тэгвэл тус тендерт “Дабль пирамид” болон “Гэрэгэ технологи” компанийн түншлэл шалгарч гэрээ байгуулжээ.

Одоогоор ажлын зураг төслийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж дуусаад Барилгын хөгжлийн төвд магадлалаар хянуулахаар хүргүүлсэн байна. Магадлалын нэгдсэн дүгнэлт албажиж гарсны дараагаар барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 207-р байрын анхны зураг төсөл дээр тодотгол хийх шаардлага гарсан тул инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийг шинээр хийх шаардлагатай тул барилгыг барих төсөвт өртөг нэмэгдсэн байна. Тодруулбал, 207-р байрыг шинээр барихад 12.3 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцоолсон ч, 16 орчим тэрбум төгрөг болж нэмэгдээд байна. Үндсэндээ дахин барих төсөв 4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

