Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Газрын тос боловсруулах үйлдвэр 1 их наяд 296 тэрбумын өртэй
- 2026/05/04

- 10 цаг 58 минутын өмнө

- 3 мин уншина

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-д “Эрдэнэс Монгол” ХХК-иас олгосон урт хугацаат зээл, хүүгийн өглөгийн үлдэгдэл 2025 оны эцэст 1 их наяд 296 тэрбум 15.2 сая төгрөгт хүрлээ. Энэ нь тус компанийн нийт өр төлбөрийн 85.6 хувийг бүрдүүлжээ. “Монголиан транс ложистик” ХХК-иас авах төмөр зам ашигласны төлбөртэй холбоотой үүссэн 688.1 сая төгрөгийн авлага, Батлан хамгаалах яамтай байгуулсан газрын тосны үйлдвэрийн хотхоны 95 айлын орон сууц барих гэрээний урьдчилгаа төлбөр 2 тэрбум 58.2 сая төгрөгийн авлагыг тус үйлдвэр барагдуулах арга хэмжээг аваагүй байна. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгалгүй 76.4 сая төгрөгийн бичиг хэрэг, шатах тослох материал шууд худалдан авчээ. Энэ мэтчилэн аудитаар нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 31 тэрбум 203.6 сая төгрөгийн алдаа илэрсэн байв.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний багц ажил 2024 онд бүрэн дууссан. 2 болон 3 дахь багц ажлыг 2026 оны сүүлчээр дуусахаар тооцсон ч зээл удаашрах, урьдчилгаа төлбөр олон сараар саатах зэрэг санхүүгийн болон зохицуулалтын шинжтэй хүндрэлүүдээс шалтгаалан, 1 жилээр хойшлох болоод байна.

2025 онд ажиллаж эхлэх ёстой байсан уг үйлдвэр ковидоос болоод, 2028 он үүдээ нээхээр болсон. Гэтэл дахиад л төлөвлөсөн ажлыг хугацаанд нь хийх боломжгүй болж, монголчуудын шатахуун үйлдвэрлэх мөрөөдөл алсарсаар. Тэр бүрт зээлийн хүүнд асар их мөнгө төлсөөр. Өнгөрсөн жил гэхэд зээлийн хүү 27 тэрбум 631.4 сая төгрөг болжээ. Энэ нь тус үйлдвэрийг 62 тэрбум 699.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллахад нөлөөлсөн байна.

Өнгөрсөн жил гэхэд зээлийн хүү 27 тэрбум 631.4 сая төгрөг болжээ

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК хүүгийн зардлыг бууруулах талаар ямар ч арга хэмжээ аваагүйг ҮАГ илрүүллээ. Яагаад гэдэг нь сонин? Ямар нэг шалтгаанаар хэн нэгэн уг үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулж, тэр хооронд мөнгө хүүлэх далд бодлого хэрэгжүүлж, түүнд нь ЗГ автаад байгаа юм биз биз?

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК өнгөрсөн жил 1 тэрбум 43.7 сая төгрөгийн орлого олж, 63 тэрбум 742.9 сая төгрөгийн зардал гарган, татвар төлөхийн өмнө 62 тэрбум 699.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ бол төлөвлөснөөсөө 29.5 сая төгрөгийн орлого илүү олсон гэсэн үг. Түрээсээс 233.3 сая төгрөг олж, төлөвлөснөөс 117.9 сая төгрөг илүү олжээ. Харин төмөр зам ашиглалтын орлого төлөвлөснөөс 113.4 сая төгрөгөөр дутуу байна.

Тус үйлдвэр нийт 128 хүний орон тоотой ч 116 хүн ажилладаг. Ажиллагсдын гадаад томилолтод 160.5 сая төгрөг, дотоод томилолтод 80.1 сая төгрөг зарцуулжээ. Энэ бол 45.4 сая төгрөг илүү зарцуулсан зөрчил юм. Харин сургалтад 40.1 сая төгрөг төлөвлөөд, 35.4 сая төгрөг зарцуулжээ. Бүх ажиллагсдаа хүний хөгжил, компанийн засаглал, байгууллагын соёл, сэтгэл зүйн сургалтад 7.5 сая төгрөг төлсөн бол татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох сургалтад 3 ажилтан хамруулж 0.7 сая төгрөг, өмгөөллийн сургалтад 5 ажилтан суулгаж, 20 сая төгрөг төлжээ.

Өмнөх аудитаар 10 тэрбум 327.4 сая төгрөгийн зөрчил гаргасан энэ үйлдвэрээс энэ удаад 850 сая төгрөгийн зөрчил илэрчээ.

- Шинэ
- Хандалттай