Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Флоридагийн их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль хамтран, Монголд хэдэн төрлийн ямар зүйлийн хачиг тархсаныг тогтоох судалгаа хийж байна. “Монгол оронд тархсан зарим зооноз өвчний үүсгэгчид, тэдгээрийн дамжуулагч болон агуулагч амьтдын тархалт, эктопаразитуудын акарицидын эсрэг мэдрэг чанарын судалгаа” төслийн хүрээнд хээрийн судалгаа зохион байгууллаа.

4 дүгээр сарын 13-26-ны хооронд Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн уг судалгаанд ЗӨСҮТ, АНУ-ын Флоридагийн их сургууль, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүд оролцов. Тэд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Уянга сумын нутаг дэвсгэрт нийт 25 цэгт тандалт хийжээ.

Haemaphysalis төрлийн хачгийн тархалтыг нарийвчлан тогтоох, амьдрах орчны онцлогийг тодруулах зорилгоор дээж цуглуулж, хачиг илэрсэн байршлуудын солбилцлыг GPS багажаар баталгаажуулан, Газарзүйн мэдээллийн систем (GIS)-д бүртгэн, мэдээллийн сан бүрдүүллээ.

Судалгааны үр дүнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хачгийн зүйлийн бүрдэл, тархалтын зураглалыг шинэчилж, хачгаар дамжих халдварын эрсдэлтэй бүс нутгийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.


