Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Онгоцны түлшээ өөрсдөө үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах хөг өнгөрлөө
- 2026/05/05

- 8 цаг 2 минутын өмнө

- 3 мин уншина

Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын 7 авиакомпани бий. Аялал жуулчлал, эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаагийн хэрээр 2028 он хүртэл зорчигч, ачаа тээвэр тогтвортой өсөх төлөвтэй. 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч зорчсон бол 2028 онд 2.55 саяд хүрэх төлөв гарчээ. Үүнийг дагаад манай улсад онгоц, түлш хэрэгтэй болно. Онгоцоо бол хэрэндээ л бэлдэж байна. Тендер хүртэл зарлалаа, МИАТ. Харин түлшээ яах вэ?

Манай улс онгоцны түлшээ ОХУ-аас авдаг. Сүүлийн 5 жилд манай улсын хэрэглэсэн онгоцны түлш байнга нэмэгджээ. 2022 онд 38.492 тонныг хэрэглэсэн бол 2025 онд 84.366 тонн болжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Уг үйлдвэр манай улсын хэрэгцээт дизель түлшний 50%-ийг, АИ95 бензинийг 100%, АИ92 бензиний 43%-ийг, онгоцны түлшийг 100%, зуухны түлшийг 100%, хийн 50%-ийг хангана гэж анх тооцжээ. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орсон бол шүү дээ. 2024 онд үүдээ нээх байсан ч эхний багц ажлыг л хугацаанд нь хийж амжсан. 2 болон 3 дахь багц ажлыг 2026 оны сүүлчээр дуусахаар тооцсон ч дахиад хойшилж, 2028 он болгов.

Онгоцны 80 мянган тн түлш үйлдвэрлэнэ. Одоогийн хэрэгцээ 85 мянган тонн

Энэ үйлдвэр газрын 1.5 сая тн тос боловсруулж, 1.4 орчим сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүний 396 мянган тонн нь евро стандартын, АИ95 бензин байхаар тооцжээ. АИ95 үйлдвэрлэж чадаж байгаа бол АИ92, А80 юухан байх вэ дээ. 840 мянган тонн дизель түлш, онгоцны 80 мянган тн түлш, шингэрүүлсэн 28 мянган тн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэнэ. Зуухны түлшээ үйлдвэрийнхээ цахилгаан станцад түлнэ.

Онгоцны 80 мянган тн түлш гэдэг бол одоогийн хэрэгцээг бараг бүрэн хангана. Одоогийн хэрэгцээ 85 мянган тонн. Биднийг үйлдвэрээ барих гэсээр байтал түлшний хэрэгцээ талийж өгч байгаа биз? Барьж дуусаагүй байхдаа л дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй болж байгаа үйлдвэрт тэгэхээр найдаж болохгүй.

Энэ орон зайг ОХУ эзэгнэхээр зэхэж буй. Эзэгнэх ч гэж дээ. Угаас бид хойд хөршөөсөө хамаг түлшээ авдаг. Одоо л дотооддоо түлш, шатахуун үйлдвэрлэх гээд зүдэж яваа болохоос. Манайхан ОХУ-д очиж түлшээ авдаг байсан бол одоо оросууд өөрсдөө түлшээ зөөж ирээд, бидэнд нийлүүлэнгээ гадаадынханд арилжих гэж байна. Монгол Улсын төрийн өмчит “Эрчис-Ойл” ХХК, ОХУ-ын төрийн өмчит “PH Аеро” компани хамтарсан компани байгуулж, Чингис хаан олон улсын нисэх буудалд 20 жилийн турш онгоцны түлш зарна. Энд газардсан бүх онгоцонд түлш нийлүүлнэ.

Нислэгийн тийзний үнийн дунджаар 36 орчим хувь нь онгоцны түлшний үнээс хамаардаг. Түлшний үнийн 86 орчим хувьд нь хил дээрх үнэ шууд нөлөөлдөг аж. Түлшний үнэ нэмэгдэхгүй байвал онгоцоор нисэх үнэ ч нэмэгдэхгүй гэсэн үг. Тэгэхээр бид очиж авснаас оросууд өөрсдөө авчраад зарвал онгоцны түлш арай хямд байж мэднэ. Гэхдээ баталгаагүй. Хүний юм бол хүний л юм. Тэд түлшээ хэдээр өгнө. Бид тэрүүгээр нь авахгүй гээд хаачих билээ. Үнэ хямдарна гэж найдах хэрэггүй байж ч болно. Харин өөрсдөө балга ч болтугай түлш үйлдвэрлэчихвэл үнэ хамаагүй баталгаатай болох юм даа.

- Шинэ
- Хандалттай