horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

У.Цэвэгмид: 9 настай охин хүртэл жирэмсэлж байна. Охидын эмч дутагдалтай байна

post-img

0-5 болон 10-18 насны хүүхдийн дундах өвчны талаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмидтэй ярилцлаа.

Өнөөгийн нөхцөлд Монголд бага болон өсвөр насныханд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, мөн өвчний талаар мэдээлэл өгөөч?

-10-19 насанд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 0-5 хүртэлх насныхны дунд амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин түгээмэл байна. Иймд эрүүл мэндийн боловсрол олгохын тулд сургалтын хөтөлбөр, чанарт анхаарах шаардлага бий болсон. Эмгэгүүд нь тухайн хүүхдийг насан туршийн өвчтэй болоход хүргэдэг.  

-0-5 насны хүүхэд жилд 4-6 удаа хатгалгаа тусаж, уушги нь сорвитой болж байна-

-0-5 насны хүүхдийн дундах амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнөөр олон удаа өвдвөл ямар урхагтай вэ?

Томуугийн улиралд 0-5 насны хүүхэд 1-4 вирус, нянгаар өвчлөх тохиолдол бий. Бид эрчимт эмчилгээний хүүхдүүдэд тандалт судалгаа хийхэд, нэг хүүхэд 4 вирус, 2 нянгаар өвчилж, амьсгалын зам нь бүхэлдээ гэмтсэн.

Энэ насны хүүхэд жилд 4-6 удаа гэрээр эмчлүүлэх бол хэвийн. Харин олон удаа хатгаа тусаж, эмнэлэгт хэвтэх нь муу. Учир нь уушигны хатгаа эдгэсэн ч сорви үүсгэдэг. Уушиг нь сорвижсон хүүхэд ханиад хүрэхэд амархан. Цаашлаад хүчилтөрөгч дутагдах гэх мэт хүндрэл гардаг. 

-Тэгвэл өсвөрийнхний дунд зонхилж буй өвчин эмгэг алсдаа ямар хор хөнөөлтэй бол. Мөн өсвөр үеийнхний дунд өвчин их байгаад эцэг эхийн хайхрамжгүй байдал нөлөөлж байх шиг?

-Яг тийм. Эцэг, эхчүүд 0-5 насны хүүхдээ өвдөхөөр тэврээд, эмнэлэгт явчихдаг. Харин өсвөр насны хүүхдээ жаахан өвдөж халуурахаар “Эм уу” гээд орхиж, үл тоодог. “Яагаад өвдчихөв” гэж чухалчилдаггүй. Өсвөр насны хүүхдээ биеийг нь даалгана гэх байдлаар хандсанаар халдвар даамжирч, архаг өвчин үүсэх суурь болж байна. Тухайлбал: Өсвөр насанд бөөр болон зүрх судасны системийн өвчин, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчний суурь тавигддаг. Тэр дундаа өсвөрийнхөн бэлэн бүтээгдэхүүнээр хооллох нь элбэг. Ингээд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин нэн түгээмэл болсон. Тэгэхээр бид өвчтэй хүүхэд бэлдэж, цаашлаад дахин өвчтэй хүүхэд гарах нөхцөлийг бүрдүүлж байна.

-“Турна” гээд хоол иддэггүй хүүхдүүд ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаатай болж байна-

-Өсвөр үеийнхэн тахиа, бэлэн гоймон түгээмэл иддэг. Тэгвэл тухайн бүтээгдэхүүнүүд хордлого үүсгэх эрсдэлтэй гэж эмч нар ярьдаг. Энэ талаар та дурдаач?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн хоол тэжээлийн судалгаагаар зарим өсвөрийнхөн лак, газ үнэртээд эмгэг үрэвсэлтэй болчихсон байдаг нь тогтоогдсон. Иймд хүүхэд гэр, сургуулийн хооронд юу хийж, юу идэж байгааг хянах шаардлагатай. Хордлогод орсон өсвөрийнхний дунд хийсэн шинжилгээгээр архаг бодисын хордлого илэрдэг. Тухайлбал: Ихэвчлэн тахианы мах иддэг хүүхэд олон. Тахиаг удаан хадгалснаар хорт бодис их хуримтлагддаг. Тахианы махнаас хордлого авсан хүүхэд ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан.

Энэ мэтчилэн 11-14 насныхны дунд хоолны хордлого маш түгээмэл болчихсон. Харин 14-18 насныхан “Гоё, туранхай байна” гэх мэт шалтгаанаар хоол идэхгүй байх нь түгээмэл. Ингэснээр ходоодны үрэвсэл, 12 хуруу гэдэсний болон бүдүүн гэдэсний шархлаа үүсэж байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнийг оношлох хамгийн оновчтой арга бол дуран. Одоогоор улсын хэмжээнд хэчнээн хүүхэд ийм оноштой нь тодорхойгүй. Эмнэлэг бүрт хандсан хүүхдийн тоо өөр. Бид улсын хэмжээнд насны бүлэгт суурилсан судалгаа хийж байгаа. Хоол тэжээл гэдэг зүйл буцаад хүний эрдэс бодисыг нөхөж байдаг тул эрүүл хооллох нь чухал. Ингэснээр олон өвчнөөс сэргийлж болно.

Өсвөрийнхний дунд эрүүл мэндийн хувьд өөр тулгамдаж буй асуудлын талаар та дэлгэрүүлээч?

Өсвөрийнхөнд тулгамдсан асуудлыг ганцаарчилсан байдлаар сонсож, ярилцах гэдэг Дэлхий нийтэд тулгамдсан асуудал болчихсон. Монгол Улсын 21 аймагт өсвөр үеийнхэнд зориулсан кабинет ажилладаг. Гэвч хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчний асуудлаас улбаалж, төдийлөн тэдэнд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Тухайн боловсон хүчин нь ажлаа хийхгүй, эсвэл ээлжийн болон жирэмсний амралттай, Улаанбаатар луу шилжсэн, өөр мэргэжлээр суралцахаар гадаад явчихсан гэх мэт байдлаас болж, өсвөр насныхны эрүүл мэндийн болон сэтгэл санааны асуудал орхигдож байна.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв энэ жил Өсвөр үеийн кабинет нээсэн. Өсвөр насны охид улам эрт жирэмсэлж байна. 9 настай хүүхэд хүртэл жирэмсэлсэн тохиолдол бий. Нэг ангийн 2 хүүхэд үерхэж байгаад, хүүхэдтэй болоод, аав ээж болчихсон тохиолдол гарч байна. Энэ бол өсвөр үеийнхэн бие, физиологийн өөрчлөлтийн талаар эрүүл мэндийн хичээлээр хангалттай мэдлэг, мэдээлэл авч чадахгүй байгаагийн илрэл. Тэдний эрүүл мэндийн боловсрол дутмаг байна. Өсвөр насны охидын жирэмслэлт гэхэд хүчирхийллээс эхлээд олон шалтгаантай.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 2026 он гарсаар жирэмсэлсэн 10 гаруй охин тусламж авсан. Хүүхэд байхдаа жирэмсэлсэн охидын цөс чулуутай болдог. Эсвэл олгой үрэвсдэг. Ийм давхар өвчнийг нь бид бас эмчилдэг. Охид хэт эрт жирэмсэлж байгаа нь хамгийн их санаа зовоож байна.

-Өсвөр насны хүүхэдтэй ажиллах эмч яагаад ажилдаа тогтохгүй байгаа юм бол?

Энэ чиглэлийг сонгож мэргэших хүн ховор. “Өвчтөн эмчлэхгүй” гэх ойлголт өсвөрийн үеийнхэнтэй ажиллах эмч нарын дунд байдаг. Мөн эмч нар илүү хүнд өвчтөнтэй зууралдаж, түүнийгээ эдгээн бахархаж, аз жаргалтай мэдрэмж авахыг илүүд үздэг. Тиймээс өсвөр үеийн эмч мэргэжлээр суралцах дургүй.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 6 жилд өсвөрийн эмч бэлдэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өсвөрийнхөнтэй ажиллах эмч нарыг 1 жилийн хугацаанд бэлдэж байгаа. 21 аймгийн өсвөр үеийн кабинет 2 эмчтэй байх шаардлагатай. Иймд улсын хэмжээнд өсвөр үеийн 40-50 эмч байх шаардлагатай. Гэвч одоо үүний 50 хувьд ч хүрэхгүй байгаа юм. Тиймээс Өсвөр үеийнхний кабинетэд ажиллах эмчийг бэлдэхэд түлхүү анхаарч байна. 

0/1000
Чука

9 настай хүүхэд жирэмслэсэн гэнэ үү….арай ч үгүй биз???

jawa

“эмч нар илүү хүнд өвчтөнтэй зууралдаж, түүнийгээ эдгээн бахархаж, аз жаргалтай мэдрэмж авахыг илүүд үздэг.” гэжээ үнэхээр тийм гэж үү. ??? аймаар юм аа

Ариунаа Санжаа

даатгалтай холбоотойгоор өсвөр үеийн кабинетууд өвчтэй хүүхэд үздэг л болсон байна. өсвөр үеийн кабинетууд яг үндсэн ажлаа хийхгүй байгаа. уул нь сууж өвчтэй хүүхэд үзэх биш явдаг ажил даа. кабинет нь ч тухтай байргүй

Хандаа

9н настай жирэмсэлнэ ч гэж юу байхав