“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэнд холбогдох хэргийг АТГ шалгаж, прокурор хянаад, шүүхэд шилжүүллээ. Тэр 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 12-р сар хүртэлх хугацаанд Ч.М, Д.Т нарын хямд үнээр нүүрс худалдан авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлжээ. Ингэхдээ “Т…”, “Ю…Т…” ХХК-уудын хооронд 2014 онд үүссэн 587,8 сая төгрөгийн авлагыг авлага шилжүүлэн барагдуулах нэрээр бүртгэл дугааргүй гэрээг “Х… “ ХХК-тай байгуулсан аж.
“Т…” ХК-ийн ТУЗ-ийн “Нүүрсний үнэ тогтоох тухай” тогтоол гаргаж, коксжих чанаргүй тонн нүүрсээ 49,5 мянган төгрөгөөр худалдахаар үнийг нь тогтоосон аж. Гэтэл Ж.Доржсүрэн 8300 төгрөгөөр тооцож, 70 мянган тонн коксжих чанаргүй нүүрсийг “Х…” ХХК-д худалджээ. Үүний улмаас “Тавантолгой” ХК-д 2 тэрбум 879 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байна.
Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.

