Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо 15 мянган хүн амтай. 5 жилийн өмнө тус хороон дундуур автозам тавьсан. Уг замыг явган зорчигчид зориулсан гүүрэн гарцтай байлгахаар зураг төсөлд тусгасан ч хийгээгүй аж. Үүний уршгаар 20 гаруй хүн явган хүний гарцаар гарах үедээ авто осолд орж, эрүүл мэндээрээ хохироод байна. Хамгийн сүүлд 2025 оны 4-р сард 12 настай хүү гарцаар гарах үедээ машинд дайруулж, тархи, нуруундаа гэмтэл авсан юм. Осол гарснаас хойш 10 хоногийн дараа тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газар хурд сааруулагч хийснээр аюулгүй байдал бага ч гэсэн хангагдсан гэнэ.
Тэгвэл энэ хорооны иргэдийн толгойны өвчин болсон 4 байршилд 1.2 тэрбум төгрөгөөр гэрлэн дохио суурилуулах амлалт 8 сарын дараа ажил хэрэг болсон байдаг. Цаашлаад тус автозамын 3 байршилд 5 орчим тэрбумаар гүүрэн гарц хийх ажил удахгүй эхлэх юм.
3 гүүрэн гарцыг 5.7 тэрбум төгрөгөөр барих аж.
Энэ талаар Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ хэлэхдээ “Гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн. Төслийн гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК болон “Доич Роуд” компанийн түншлэл шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна.

Эдгээр гурван байршил нь осол, аваар их гардаг хэсгүүд бөгөөд гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв. Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамд осол их гардаг 3 байршилд гүүрэн гарц барих ажил гэрээний шатандаа байна” гэлээ.
Гүүрэн гарцыг дараах байршилд барина
- Эхний гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд,
- Хоёр дахь гүүрэн гарцыг Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд,
- Гурав дахь гүүрэн гарцыг “Ургах Наран” супермаркетын замын хойд талд тус тус барих юм.

