horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Найдалаа: 2040 он гэхэд 300 МВт-ын АЦС-тай болно

post-img

Эрчим хүчний шинэ сайд Б.Найдалаа салбартаа хийх ажлаа 1 бодлого-3 зарчим-9 ажил хэмээн зураглажээ. Энэ талаараа өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

-Сэргээгдэх эрчим хүч өвлийн ид оргил ачааллын үеэр ачаалал хуваалцдаггүй шүү дээ. Энэ өвлийн оргил ачааллыг яаж давах гэж байна вэ?

-Бодит үнэнийг эртхэн хэлэх ёстой байх. Ирэх өвөл хамгийн хүнд болно. Эрчим хүчний хэрэглээ төсөөлснөөс ч хурдан нэмэгдэж байна. Ирэх өвлийн оргил ачааллын үеэр 150 МВт цахилгаан дутна. Үүнийг яаж хангах вэ гэдэг асуудал бий. Энэ онд 89 МВт чадал дутагдана.

Сэлэнгэд “Райд Монголиа” компанийн барьж байгаа 70 МВт-ын ДЦС-ыг 4-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан ч 7-р сар болж хойшиллоо. Энэ бол хувийн ДЦС. “Оюутолгой” компаниас цахилгаан дамжуулах “Зэс-Оюу” гэж станц барьж байна. Үүгээр дамжуулан Хятадаас Өмнөговь аймаг 80 МВт цахилгаан авна. Уг дэд станц 6-р сарын 29-нд ашиглалтад орно.  

Сэргээгдэх эрчим хүчний 5 станц 5 газарт барихаар Н.Учрал Ерөнхий сайд санаачилсан. 50 МВт хүчин чадалтай Нарны станц байгуулах тендерийг маш богино хугацаанд нээлттэй зарлах гэж байна. Ирэх өвөл гэхэд ашиглалтад оруулахаар тооцож байна. Нийтдээ 240 МВт чадал бий болно. Үүний зэрэгцээ батерей хураагуур бас барина.

Цаашид бол 2027-2030 онд 2429 МВт-ын хүчин чадалтай 7 станц ашиглатад орно. Эдгээр нь Бөөрөлжүүтийн II шатны 300, ДЦС-V-ын 300, “Касен грийн энержи” ХХК-ийн 660, Шивээговийн 660, Тавантолгойн 450, Даланзадгадын 50, Тосонгийн 8 МВт-ын цахилгаан станцууд. Үүний 3 нь дараа жил ашиглалтад орно.

-Сэргээгдэх эрчим хүч өвлийн оргил ачааллын үеэр нэг их нэмэр болдоггүй. Хэзээ АЦС байгуулах вэ. Шинэ Хархорумд АЦС байгуулж өгье гэсэн “Рос-Атом”-ын санал бий. Францтай хамтарч АЦС байгуулах боломжийг судалж үзсэн үү?

-Манай улс АЦС-тай болох ёстой. Дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа шүү дээ. 2030 он гэхэд манай улс цахилгаан, дулааны дутагдлаас гарах ёстой. 2040 он гэхэд 300 МВт-ын АЦС-тай болно. Тэр болтол бэлтгэлээ сайтар хангах юм. Одоогоор надад ямар нэг улс, компаниас АЦС-ын талаар санал ирээгүй байна.

2030 он гэхэд УЦС, 2035 онд устөрөгчийн 50 МВт-ын цахилгаан станцтай болно. Ингэснээр АЦС байгуулах бэлтгэл бүрэн хангагдана. АЦС-ыг унтраах шаардлага гарвал оруулах эх үүсвэр хэрэгтэй. Түүнийгээ бүрэн бэлтгэх юм.  

-Одоо манай улсад хэр их цахилгаан хэрэгтэй байгаа вэ?

-2266 МВт цахилгаан хэрэгцээтэй байна. Үүнийг өгч чадахгүй байна. Үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 15%-ийг манай улс алдаж байна. Дэлхийн дундаж алдагдал 5-6% байдаг. Монгол Улсын газар нутаг өргөн уудам атлаа хүн цөөн. Хүн амаа цахилгаанаар бүрэн хангахын тулд өргөн уудам нутагтаа төвлөрсөн систем хийсэн нь ийм алдагдалд голлон нөлөөлсөн. Баруун аймгуудыг ОХУ-аас авсан цахилгаанаар хангадаг. Бусад нь төвийн төвлөрсөн системээс цахилгаан авдаг. Одоо хүн амаа цахилгаанаар хангахын тулд тархмал эх үүсвэр бий болгох хэрэгтэй байна.

Дулааны тухайд 1023 Гкал/цаг хэрэглээг яаж хангахаа шийдэж чадаагүй байна. 2040 он хүртэл 1638 Гкал/цаг дулаан хэрэгтэй болно. Нийтдээ 2777 Гкал/цаг дулааны эх үүсвэр хэрэгтэй байна.

-ДЦС-ууд хэр өртэй байгаа бол?

-729 тэрбумын өртэй байна.

-Цахилгаан, дулааны үнийг нэмэх үү?

-Манай улс цахилгааны үнийг 2 жил тутамд нэмж иржээ. Хамгийн сүүлд 2024 оны 11-р сард нэмсэн. Л.Оюун-Эрдэнийн ЗГ Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулж байж нэмсэн юм. Тэр хороонд би байсан. Л.Оюун-Эрдэнийн ЗГ цахилгааны үнэ нэмснээс болоод огцроогүй шүү дээ. Гэтэл яагаад ч юм цахилгааны үнэ нэмэгдвэл аюул болно гэж иргэд айдаг. Цахилгааны үнэ нэмбэл иргэд яах бол гээд улстөрчид айдаг. Үнэ нэмэх гэхээр улстөрчид эргэж буцах гээд байдаг. Дулааны үнийг 2025.05.16-наас нэмэхээр ЗГ шийдвэрлэсэн ч  хойшлуулсан. Нэмээгүй.

Дулаан, цахилгааны үнийг бага багаар нэмнэ гэдэгт Эрчим хүчний сайдын хувьд эргэлзэхгүй байна. Ер нь үнэ нэмэх гэхээсээ цахилгаан, дулаанаа хэмнэх хэрэгтэй байгаа. Халууцвал цонхоо онгойлгодог биш, паараа хаадаг болъё. 17-21 цагийн хооронд юм индүүдэхээ больё. Ингэвэл цахилгаан, дулааны төлбөр бага гарна. Хэрэглээгээ ингэж зохицуулах боломжийг иргэдэд олгохын тулд цахилгааны 3 шатлалт тоолуур, дулааны тоолуур тавих хэрэгтэй. Энэ ажлыг үргэлжлүүлнэ. Хэмнэдэг болохын тулд цахилгааны үнийг одоогийнхоос олон ялгаатай болгоно. Орон нутагт эрх мэдэл олгоно.

Цахилгаан, дулааны үнийг өртөгт нь хүргэнэ. Нөгөө талаас зардлыг багасгана. Цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд гарч буй зардлыг багасгах боломжийг судалж байна. Сэргээгдэх эрчим хүчний технологи хөгжөөд, өртөг нь багассан.

-Шарынголын уурхай яагаад зогссон юм бол?

-Өр нь нэхэгдээд, ДЦС-уудаас өрөө авахын тулд зогсоосон юм байна. Шатах тослох материал нийлүүлж буй компаниуд тус уурхайгаас өрөө нэхнэ. Уурхай ДЦС-аас нэхнэ. Шарынголын нүүрсний уурхай хувийнх. Тиймээс хүссэн үедээ зогсож байна. Тус уурхайг зогсоход Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын нүүрсний нөөц 6 хоногоор багассан. Уурхай удаан зогсвол Дархан-Эрдэнэтийн ДЦС зогсоно. Одоо буцаад ажиллаж байгаа. Ярилцаж тохирсон. ДЦС-уудад нүүрс олгож байгаа.

-Эрчим хүчний салбарын ажиллагсдын цалинг нэмэх үү?

-Энэ салбарын ажиллагсдын дийлэнхийг ахмад, залуу үеийнхэн эзэлж байна. Ахмадууд олон жил ажилласан учир янз бүрийн нэмэгдэл их авдаг. Залуус 1-5 жил ажиллаад, Солонгос явчихдаг. Орж, гарах нь их. Яг ачаа үүрч яваа хүмүүс нь арай цөөн. Бүгдийнх нь цалинг хавтгайруулж нэмэхгүй. Станцыг ажиллуулдаг, засдаг, хүнд ажил хийдэг хүмүүсийн цалин илүү сайн байх ёстой.

Одооноос захиргааны ажилтан нэмж авахгүй. Хүн ажилд авахыг зогсооно. Инженер, техникийн ажилтнуудаа тогтооход анхаарна. Ер нь эрчим хүчний салбарт хүний нөөцийн бодлого алдагджээ. ЭХЯ-нд хүний нөөц хариуцсан хүн алга. Хүний нөөцийн ажилтантай болно.

ДЦС-ын захирлуудыг ашиг орлого, хүний нөөц, техник хариуцдаг болгоно. Эрчим хүчний 27 компанийн захирлын ажлыг дүгнэж байна. Яаж ч хатуу дүгнэсэн онц авч байна. Тэгэхээр тэдний ажлыг дүгнэх журам нь буруу байгаа биз. Үүнийг өөрчилнө.

-Эрчим хүчний салбарын ажилчдын дундаж цалин хэд байгаа вэ?

-Энэ салбарт 17.723 хүн ажиллаж байна. Бөөрөлжүүт, Тосон ДЦС-ыг тооцвол 17.976. Дундаж цалин 3 сая 570 мянган төгрөг. Дундаж цалин 510 мянган төгрөгөөр нэмэгджээ.

-2024.11.16-наас цахилгааны үнийг нэмээд, тэр мөнгөөр цалингаа нэмчихсэн юм билээ. Бүх мөнгөөр цалин нэмчхэж үү?

-Цахилгааны үнийг нэмээгүй байхад цалингаа нэмчихсэн байсан. Тэр нэмэгдлийн 212.7 тэрбум төгрөгийг ажилчдын цалинд зарцуулсан бол 105.5 тэрбумыг нь төмөр замын тээвэр, нүүрсний уурхайд өрөө төлжээ. ОХУ-аас цахилгаан импортлоход 100.6 тэрбум, их засвар хийх, техникээ сайжруулах, урсгал засвар, хөдөлмөр хамгаалал, шатахуунд 116.8 тэрбумыг зарцуулсан байна. Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ компани, Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ компанид бүтцийн өөрчлөлт хийхэд 23.9 тэрбумыг зарлагаджээ.

Хэрэв дулааны үнийг нэмсэн бол 224.4 тэрбум төгрөг орох байсан ч ороогүй. Цахилгааны үнийг индексжүүлэх ажил зогссон байна.

0/1000