АН-ын Үндэсний бодлогын хороо Төрийн ордонд хуралдаж байна. сөрөг хүчин Ерөнхий нарийн бичгийн даргаа албажуулахаас гадна намын дэд дарга нарыг сонгох учиртай. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг тавих магадлал өндөр буй. Тус намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр ҮБХ-г УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Р.Сэддорж, П.Батчимэг нар удирдан чиглүүлж байна. Ингээд хурлыг даргалж байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тодруулснаа хүргэе:
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад ямар хүн томилогдох ёстой гэж та харж байна вэ?
-АН-ын Үндэсний бодлогын хорооны 69-р хурал болох гэж байна. Бид өнөөдөр 7 асуудал хэлэлцэнэ. 5 журмыг батална. Сонгууль дөхөөд бужигнадаг, хүний нөөцийн хувьд ойлгомжгүй, аль нэг даргын үзэмжээр асуудлыг шийдэхгүйн тулд журмуудаа эхнээс нь цэгцтэй болгох гэж байгаа. Тухайлбал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулахад ямар журам мөрдөх ёстой юм. Тэр журмыг батална. Мөн хяналтын Ерөнхий хорооны ажиллах журмыг ч батална. Цаашлаад 2028 оны төрийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид тавих шалгуур ямар байх талаар журмыг батлах төлөвлөгөөтэй байгаа. Үүний араас намын удирдлагууд буюу Ерөнхий нарийн бичгийн дарга, намын 5 дэд даргын нэрийг намын дарга оруулж ирэх байх. Эдгээр 5 дэд дарга нар эдийн засаг, стратеги, ёс зүй, гадаад харилцаа зэрэг чиглэлээр ажиллах юм. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд улс төрийн зөвлөлийн хурлаар Сангажавын Баярцогтын нэрийг дэвшүүлсэн байгаа. Одоо бид С.Баярцогт гэж хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргад жинхлэх үү эсвэл өөр хүн нэр дэвшүүлэх үү гэдгээ шийднэ.
Миний бодлоор Ерөнхий нарийн бичгийн дарга бол АН-ыг эв нэгдэлд хөтөлж чадах менежер байх ёстой. Харилцан буулт хийж чаддаг, гадна дотнын улс төрийн нөлөөлөлд автахгүй шийдвэр гаргах чадвартай. Үндэсний бодлогын хорооны 378 гишүүний болоод УИХ-ын 42 гишүүнтэй бүлэгтэйгээ тулж ажиллах чадвартай хүн байх ёстой.
Түүнчлэн урт хугацаандаа буюу сонгуульд иргэд олон нийтийн дэмжлэгийг авч чадах бодлогыг боловсруулж хэрэгжүүлж чадах лидерүүдээ сойж чадах эв нэгдлийг хангагч манлайлагч байх ёстой. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга стратегийн төлөвлөгч байх учиртай. АН цаашид иргэд олон нийтийн итгэл хүлээж дэмжлэг авч ажиллахад эдийн засгийн зөв төлөвлөлтийг Ардчилсан намын үзэл баримтлалд зангидаж ажиллаж чадах чадвартай хүн байх ёстой гэж харж байна. 3-рт хүний эрх, эрх зүйн өндөр мэдрэмжтэй ажиллаж чадах ёстой. Бид парламентад 42 гишүүнтэй нам учраас бодлого шийдвэрийг хүний эрхийн мэдрэмжтэй явуулах нь нэн чухал. Мөн жоохон шазруун хүн байх ёстой. 5-рт өнгөрсөнтэй зууралдахаас илүү ирээдүй рзз тэмүүлэх итгэл үнэмшилтэй, хувь хүний зоригтой үйлдэл гаргагч хүн байх учиртай. Дээрх 5 шалгуурыг хангасан хүн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын гал тогоог барьж явах ёстой. Нэрт хуульч Бяраагийн Чимид гуай УИХ-ын дарга ямар хүн байх ёстой талаар 2 хуудас тодорхойлолт бичсэн байдаг. Мөн ардын багш Шаравын Чоймаа гуайн улс төрийн зүтгэлтэн ямар байх тухай бичсэн 3 хуудас зарчим бий. Энэ бүх шалгуурт дөхөж очих хүн байгаасай гэж хүсэж байна.
-Таны тухайд хэнийг намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болоосой гэж хүсэж байна вэ? Танд нэрлэх хүн байна уу?
-Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох нь Үндэсний бодлогын хорооны 378 хүний бүрэн эрхийн асуудал. Би хурлыг эмх цэгцтэй явуулах үүрэг хүлээсэн хурлыг чиглүүлж явуулах 3 хүний нэг учраас хэн нэгнийг дэмжиж байр сууриа илэрхийлэх нь өөрөө ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзэж байна.
-Зарим хүмүүс 1980-аад оны төлөөллөөс генсек болох ёстой гэж яриад байна. залуу хүн байвал зүгээр үү?
-2 талтай. 2010 онд төрсөн сонгогч 2028 онд санал өгнө. Бид аль болох туйлшрал гэж зүйлээс зайлсхийх ёстой. Монгол улсын үндсэн хуульд биднийг тэгш эрхтэйг тунхагласан. Манай намын ҮБХ маш залуужсан. Туршлагатай хүмүүс ч олон бий. Залуучууд ачаа үүрэх цаг болсон нь үнэн. Тэглээ гээд бид ахмадуудынхаа туршлагыг үгүйсгэж болохгүй. Тиймээс бид хүмүүс сонголт хийх гэж байхад чиглүүлсэн асуултад хариулмааргүй байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


