horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Д.Нармандах: Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг

post-img

Глобал удирдагч их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Нармандахыг “Эрдэмтний үг” буландаа урьж ярилцлаа. Тэрээр эрдэм шинжилгээ, их сургуулийн байгууллагад 41 дэх жилдээ ажиллаж байгаа багш юм. “Монгол, англи хэлэнд талархал илэрхийлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэр ч утгаараа нийгмийн харилцааны асуудалд анхаарал хандуулж явдаг эрдэмтэн билээ.

Эрдэмтэн, судлаач хүн нийгмийн эмзэг цэгийг оношилж, түүнийгээ олон нийтэд зоригтойгоор хүргэж байх нь “сэхээтний үүрэг” гэж боддог гэх түүний яриа манай өнөөдрийн нийгэмд талархлын тухай, түүний ач холбогдол, үр дагавар, нийгмийн харилцааны зөв төлөвшлийн талаар өрнөсөн юм.

Хамгийн энгийн, хамгийн хүчтэй “зэвсэг” бол Талархах хэлэхүйн үйлдэл юм

-Таны судалгааны ажил болох талархлын тухай ярилцлагаа эхлүүлэх үү?

-Би талархал гэх зүйлийг драгматик хэл шинжлэлийн үүднээс талархал нь  хэлэхүйн үйлдэл талаас нь судалсан. Талархал нь ёс суртахууны категори, нийгэм соёлын харилцааны нэгэн чухал элемент болохын нь хувьд, хүн судлал, биологи, ёс суртахууны философи, анагаах ухаан, сэтгэл судлал, хэл шинжлэл, шашин судлал, соёл судлалын гээд шинжлэх ухааны олон салбарт сонирхон судалж байна.

Хэл шинжлэлийн онолын үүднээс “Талархал гэдэг нь тухайн хүнд харилцагчаас нь ач тустай сайн үйлс хийснийх нь төлөө баярласан, талархсан, сайшаасан эерэг үнэлэмж, хандлага, сэтгэлээ илэрхийлэх, эелдэг, нөхөрсөг нийгмийн уур амьсгал буй болгох иллокуци зорилго бүхий хэлэхүйн үйлдэл юм. Талархал нь мөн хүмүүсийн хооронд харилцаа тогтоох, түүнийг зохих түвшинд үргэлжлүүлэх, зохицуулах, эелдэг тааламжтай нөхцөл бүрдүүлэх, эерэг сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэгдлээ илэрхийлэх нийгмийн үндсэн үүрэг бүхий хэл ярианы этикетийн нэг хэлбэр” хэмээн үзэж байна.

Талархал нь амьдрал, үйл ажиллагаанд зан үйлийн нийтээр хүлээн зөвшөөрч мөрдлөг болгон хэвшиж тогтсон нийгмийн амьдралын олон талт үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий нийтлэг үзэгдэл юм. Бид өнөөдөр нийгэм маш хатуу ширүүн байна, хүмүүс бие биедээ хүлээцгүй байна гэж ярьдаг. Гэтэл энэ бүхнийг зөөлөн хүчээр эмчлэх хамгийн энгийн, хамгийн хүчтэй “зэвсэг” бол Талархах хэлэхүйн үйлдэл юм. Энэ бол зөвхөн “Баярлалаа” гэж хэлэх төдий биш, хүнийг хүлээн зөвшөөрөх, нийгмийн харилцааг зөөлрүүлэх соёлын том үйлдэл. “Талархал” нь зөөлөн хүч болж байна.

Тиймээс талархал гэдэг зүйл нийгмийн харилцаанд орж буй бүх л насны хүмүүсийн мэдэж, нийтээр даган мөрдөх эрхэмлэх зүйл байдаг.

-Та Монголд анх удаа “Талархлын хэлэхүй үйлдэл”-ийг Америк болон Монгол соёлын жишээн дээр харьцуулан судалсан хүн. Хоёр нийгмийн хувьд ялгаатай л байдаг байхдаа?

-Америкчууд талархлаа шууд, “Thank you”гэх “Перформатив” үгээр илэрхийлдэг бол монголчуудын хувьд биеийн хэлэмжээр илэрхийлэх талархал давамгайлдаг. Хэлэхүйн үйлдлийн онолын үүднээс үүнийг Перформатив талархал гэж нэрлэдэг. Жишээ нь, монголчууд хүүхдийнхээ толгойг илэх, үнэрлэх, өхөөрдөн харах, гарыг нь атгах зэргээр “Баярлалаа” гэх перформативтай ижил гэх утгыг дамжуулдаг байна.

Талархах ёс, эерэг зан үйлийг бага наснаас нь улс орон бүр хийж хэвшүүлэх нь  чухал.

Монголчууд талархах нандин ёс заншилтай ард түмэн. Бидний үеийнхэн буюу 1960, 1970-аад оныхны хувьд хүмүүжил огт өөр байлаа. Бидний ээжүүд амарчхаад 45-хан хоног болоод л ажилдаа ордог, бөөрөнхий гэр дотроо 6-8 хүүхэд бужигнаж, томчууд нь багачуудаа хардаг тэр “хамтын хариуцлага”-д бид өссөн. Талархах гэдэг нь бие биедээ талархууштай зүйл үйлдэж түүнийгээ үгээр болон биеийн хэлэмжээр илэрхийлж байхыг л хэлээд байгаа юм. Жишээ нь, социализмын үеийн хүүхдийн дуунд сүүтэй бидонтой айлын эмээтэй тааралдаад зам хөндлөн гаргаж өгч байгаа хүүгийн тухай гардаг.

“…Хөөрхий эмээ ядраад хөлс нь бурзайж харагдана. Сайн сэтгэлээр тусалъя гээд савтай сүүнээс нь дамжиллаа”, тэгээд цааш гаргаж өгсний дараа эмээ хүүд талархан баярлаж ерөөж байгаа үг хэллэг зэрэгт талархлын утга, агуулга гүн гүнзгий тусгагдан шингэсэн байдаг. Энэ бол тэр үеийнхний уран зохиол урлаг соёлоороо хүртэл хойч үеэ хүмүүжүүлж байсны тод жишээ юм.

Дани улсад хүүхдийг 6-16 нас хүртэл нь “Эмпати” буюу бусдын мэдрэмжийг ойлгох хичээлийг системтэй заадаг. Долоо хоног бүр нэг цагийг тойрч сууж байгаад нэг нэгнийхээ асуудлыг шүүмжлэхгүйгээр сонсож, хамтын бялуу хувааж идэнгээ талархаж сурдаг. Япон улсад бол хүүхэд бүр хоол идэхийнхээ өмнө “Итадакимас” буюу “Амь болоод хөдөлмөрөө зориулсан бүх зүйлд талархаж хүлээн авъя” гэж хэлж сурдаг. Еврей ээжүүд хүүхдийнхээ асуулт нэг бүрийг үнэ цэнтэй гэж үзэж “Чи яаж ийм гоё асуулт асууж чадав аа?” гэж талархдаг.

Эндээс дэлхийн сод хүмүүс, Нобелийн шагналтнуудын ихэнх нь еврей байдгийн нууц харагдаж байна. Талархах ёс, эерэг зан үйлийг багачуудад хэвшүүлдэг сайхан жишээнүүд олон бий. Тухайлбал, япончууд хүүхдээ багаас нь “Meiwaku” (Мэйваку) буюу “Бусдад төвөг удахгүй байх” гэсэн зарчмаар хүмүүжүүлдэг. Энэ нь манай монголчуудын “бусдыг хүндэтгэх”, “өөрийнхөө дураар бус, орчин тойрноо мэдрэх” ухаантай тун төстэй.

Япон улсад хүүхдийг 10 нас хүртэл нь мэдлэгээр бөмбөгдөхөөс илүүтэй “биеэ зөв авч явах”, “бусадтай эелдэг харилцах” чадварт сургадаг. Сургуулийн хүүхдүүд өөрсдөө анги танхимаа цэвэрлэж, хоолоо аягалдаг. Энэ нь хөдөлмөрийн үнэ цэнэ, бусдын ажлыг хүндэтгэх сэтгэлгээг суулгаж буй нэг том илрэл болж байна.

Скандинавын орнуудаас Дани, Финланд гэх зэрэг орнуудад “Хюгге” буюу сэтгэл зүйн амар амгаланг эрхэмлэдэг үзэл баримтлалтай. Эдгээр улсуудад хүүхэд хүмүүжлийн гол гогцоо нь Эмпати буюу бусдыг өрөвдөх, ойлгох чадвар олгох явдал байна. Дани улсын сургуулиудад 1993 оноос хойш 6-16 хүртэл Эмпатийн хичээл буюу “Бусдыг ойлгох” хичээл ордог болсон. Хүүхдүүд долоо хоног бүр нэг цагийг “Ангийн цаг” нэрээр Эмпатид зориулдаг. Энэ цагаар сурагчид тойрч сууж байгаад ангид үүссэн асуудал, хэн нэгний сэтгэл зовсон асуудал эсвэл нөхөрлөлийн тухай чөлөөтэй ярилцдаг. Бусдыг шүүмжлэхгүйгээр сонсох нь энэ хичээлийн алтан дүрэм. Дани хүүхдүүд энэ хичээлээрээ ихэвчлэн гэрээсээ авчирсан бялуугаа хувааж идэнгээ ярилцдаг. Энэ нь амар амгалан, тухтай орчныг бүрдүүлж, бие биедээ нээлттэй байх боломжийг олгодог. Энэ нь манайхны “айраг цагаагаа хувааж уунгаа хөөрөлддөг” нүүдэлчдийн найрсаг соёлтой төстэй хэлбэр юм.

Хэрэв ангид хүүхдүүд хоорондоо маргалдсан бол багш нь хэн нэгнийг шийтгэхээс илүүтэйгээр “Яагаад ийм зүйл болов?”, “Дахиж ийм зүйл гаргахгүйн тулд бид яах ёстой вэ?” гэдэг дээр анхаарч, хүүхдүүдээр өөрсдөөр нь шийдэл гаргуулдаг байна. Даничууд аз жаргалаараа дэлхийд тэргүүлдэг нууц нь ердөө зургаан настайгаас нь эхлэн бусдын зовлон, баяр баясгаланг хуваалцаж сургадагт оршдог. Манай уламжлалт хүмүүжилд энэ чанар байсан учраас бид эргээд үүнийгээ сэргээх хэрэгтэй. Дани улсын боловсролын систем болон хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь дэлхий дахинд “Аз жаргалтай иргэнийг бэлтгэх стандарт” гэж үнэлэгддэг. Тэд хүүхдийг сурлагын дүнгээр бус, бие хүн болж төлөвших чадвараар нь дүгнэдэгт гол нууц нь оршдог.

Талархах соёлдоо эргэн очих ёстой

-Та өнөөдөр нийгэмд нүүрлээд буй ёс зүйн доройтол, тэр дундаа ахмад үеэ хүндэтгэх уламжлалт соёл алдагдаж буй талаар хөндөж байна. Энэ асуудал таны судалгааны ажил болох талархлын соёлтой хэрхэн холбогдож байна вэ?

-1960-1970-аад оны үед хөдөлмөрийн хүнийг алдаршуулж, “гавшгайч” гэж хүндэлж алдаршуулсан нийгмээрээ талархдаг идиал (үлгэр дуурайлал) байлаа. Өнөөдрийн Монголын нийгэмд энэ чанар бараг байхгүй болсон. Нийгэмд хэн чанга дуугарсан, хэн бусдыг илүү хурц шүүмжилсэн нь баатар шиг харагддаг болж. Одоо бол аливаад амжилт олоогүй хүн бусдын хийснийг үгүйсгэж, талцуулж, түүгээрээ нийгэмд “од” болохыг хичээдэг болж. “Би-төвт” үзэл газар авч, бусдын хөдөлмөрт талархах сэтгэлгүй болсноос нийгэм тэр чигтээ хорсолтой болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрдэмтэн мэргэд, ахмадуудын үг эфирт олдохоо байж, мөнгөтэй, сенсац хөөсөн хүмүүс эфирийг худалдаж авч байна.

Бид “Алсын хараа-2050” гэж ирээдүйг ярьдаг ч, яг үнэндээ ойрын харилцаан дээрээ ёс зүйн сүйрэлд орчхоод байна. Монголчууд бид хэзээ ч ахмад хүний дээгүүр алхдаггүй, төрийн болон эрдмийн хүнийг суудлаар нь ялгаварладаггүй ард түмэн байсан. Гэтэл саяхан нэгэн томоохон үйл ажиллагааны үеэр ахмад эрдэмтэн хүнийг яг үүдний дэргэдэх ширээнд суулгаж байхыг хараад би маш их эмзэглэлээ. Тэнд 100 гаруй хүн байсан. Гэвч хэн ч үүнийг гайхаж, эсэргүүцсэнгүй. Энэ бол манай нийгэм “мэдрэмжгүй” болсны, ахмадыг хүндлэх ёс зүй бүрэн устаж буйн том баталгаа.

-Тэгвэл энэ бүхнийг засахын тулд бид хаанаас эхлэх ёстой вэ. Зөвхөн бодлогын бичиг баримт хангалтгүй гэж та хэллээ?

-Бид тогтож заншсан уламжлалт үйл хөдлөл, зан заншлаар илэрхийлдэг байсан талархах соёлдоо эргэн очих ёстой. Манайд бол “Баярлалаа” гэж хэлж заншихын хажуугаар ахмадынхаа өмнө толгой бөхийх, үгийг нь сонсох, суудлаа тавьж өгөх тэр “амьд” ёс зүй хэрэгтэй байна. Төр нийгэм нь дээрээсээ үлгэр дуурайлал үзүүлэхгүй бол, хэвлэл мэдээлэл нь зөвхөн сенсац, мөнгөтэй хүнийг эфирт гаргаад байвал эрдэмтэн хүний үг хана мөргөөд л буцаад байна шүү дээ.

Ниргэсэн хойно нь биш, ниргэхээс нь өмнө бид хүүхэд хүмүүжил, ёс зүйн асуудлаа ярихгүй бол ирээдүйд бидэнд хүндлэл үлдэхгүй.

-Та Дани болон Скандинавын орнуудын хүүхэд хүмүүжлийн “Эмпати” буюу бусдыг ойлгох хичээлийг зургаан настайгаас нь сургадаг гэлээ. Манайд энэ соёл ямар түвшинд байна вэ?

-Бид дэлхийн жишээг харахаас өмнө өөрсдийнхөө гээгдсэн өвийг нэг харах ёстой. Монголчууд уг нь маш уужуу тайван, “учрыг олж байж дугардаг” асар том соёлтой ард түмэн. Бидний судалгаагаар монгол хүний талархал бол зөвхөн “Баярлалаа” гэх үг биш, харин хүүхдийнхээ толгойг илэх, үнэрлэх, хайрын нүдээр харах зэрэг “Биеийн хэлэмж”-ээр дамждаг асар гүн гүнзгий перформатив үйлдэл байсан. Гэтэл өнөөдөр нийгмийн харилцаа маш хатуу ширүүн, хүлээцгүй болж байна. Бид уламжлалт тэрхүү “зөөлөн” харилцаагаа гээж, харин өрнөдийн тэрхүү системтэй “Эмпати”-г нь сурч амжаагүй, нэг ёсондоо ёс зүйн завсардал дунд орчхоод байна.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын “Зөвлөх” гэх институцийн талаар та шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь ахмад үеийн үнэлэмжтэй яаж холбогдох вэ?

-Өнөөдөр төрийн “Зөвлөх” гэдэг албан тушаал ч үнэ цэнээ алдлаа. Салбарынхаа халуун хүйтнийг үзсэн ахмадууд зөвлөхийн суудалд сууж, ниргэсэн хойно нь биш ниргэхээс өмнө “хашхирах”ёстой. Гэтэл одоо төр засгийн зөвлөхүүд нь хэл хазсан охид, үс гялтгануулсан туршлагагүй залуус болон хувирчээ. Тэд яаж зөвлөдөг юм бол гэж гайхдаг. Энэ нь өөрөө ахмад үеийнхээ туршлага, үнэ цэнийг төр засаг нь үнэлэхгүй байгаагийн илрэл. Бид залуу үеийг үгүйсгээгүй, гэхдээ үндэснийхээ уламжлалт хүндэтгэлийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж, ахмад үеийнхээ “мэлмий”-г ашиглаж байж бид хожно.

Бид өнөөдөр дэргэдээ байгаа хүндээ талархаж, хүндэтгэх зэргээр “Ойрын соёл”-оос л хүмүүжлийг эхлэх ёстой. Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг.

-Гэхдээ нийгэм ийм хэцүү, авлигад идэгдсэн, цалин мөнгө нь хүрэхгүй байхад талархах, уужуу байх тухай ярих нь өрөөсгөл онол биш үү?

-Маш зөв. Бид судалгаандаа зөвхөн хэлний нэгжийг биш, түүнийг төрүүлж буй орчныг заавал авч үздэг. Хүн яагаад өнөөдөр “хүлээцгүй” болоод байна вэ гэдэг асуултад хариулт нь тодорхой. Монгол Улсын дэлхийд хавдраар тэргүүлж буй эрүүл мэндийн систем, татварын дарамтад туйлдаж буй бизнес эрхлэгчид, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй ахмадууд, ачаалалдаа дарагдсан багш, эмч нарын бухимдал нь эргээд нийгмийн харилцааны “хэлэмж” болж гарч ирж байгаа юм.

Төр рүү шургалсан авлигачдын бүхэл бүтэн арми нийгмийн баялгийг хулгайлж байхад жирийн иргэн хүнээс “эмпати” буюу бусдыг ойлгох сэтгэл шаардах нь хэцүү. Гэхдээ бидний аюул нь төр засгийн энэ ялзрал эргээд бидний гэр бүл, хүүхэд хүмүүжлийн “зөөлөн” соёлыг хамт устгаж байгаад л харамсал оршиж байна. Дээдэс нь авлигадаа идэгдэхээр доодос нь ёс зүйгээ гээж, нийгэм тэр чигтээ “амьд үлдэхийн төлөөх тэмцэл” (survival mode) рүү шилжиж, хүн хүндээ чоно болох тийм л дүр зураг харагдаж байна.

Эрдэм мэдлэг гэдэг нь зөвхөн толгойд байдаг зүйл биш, зүрхэнд оршиж үйлдлээр илэрдэг соёл юм. Монгол түмний маань өрх бүрийн үүднээс хүндэтгэл, талархлын дулаан уур амьсгал цацарч, ахмад үеэ дээдэлж, залуу үеэ хайрлан энэрдэг тэр сайхан уламжлалт ёс маань эргэн сэргэх болтугай. Ирээдүй хойч маань эрдэм номтой ч, хүнлэг зөөлөн сэтгэлтэй, талархаж мэддэг зөв иргэд болон төлөвших болтугай. Монгол хүн бүр сэтгэлийн амар амгаланг олж, төр улс минь авилгаас ангид, ёс зүйн тунгалаг орчинтой болохын төлөө бид хамтдаа хичээх болтугай. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг ерөөе!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0/1000
Санжаа Батчимэг

Нармандах багшийхаа “Таалархаж мэддэгүй нийгэмд талцал л үлддэг” сэдэвтэй нийтлэлийг уншаад өнөөдрийн нийгмийн дүр төрхийг илэрхийлж сайхан бичжээ гэж бодлоо. Одоогийн нийгэмд бусдыг өрөвдөж хайрлах сэтгэлтэй хүн цөөрч байгаа. Хүн бусдыг өрөвдөх, хайрлах сэтгэлтэй байвал гэмт хэрэг гарах нь ч багасна. Иймээс хүүхдийг гэр бүлийн доторх хүмүүжлээс нь эхэлж ээж аав нь үлгэрлэн ойлгуулж, сургуульд орсон хойно нь мөн энэ орчныг бүрдүүлж өгвөл ирээдүйн нийгэм арай амар амгалан болох байх. Суурь хүмүүжил сайтай иргэнээс цаашид гарах талархал, ахмад үе болон бие биенээ хүндлэх, үнэнч шударга итгэл үнэмшилтэй иргэн бий болно гэж боддог.

П.Оюун - Эрдэнэ Боловсролын удирдлага

Доктор Д.Нармандах багшийн ярилцлага бол манай нийгмийн хамгийн эмзэг бөгөөд чухал сэдвийг хөндсөн, маш гүн гүнзгий агуулгатай нийтлэл байна. Нийтлэлээс талархал, уламжлалт биеийн хэлэмж, хүмүүжил гэх мэт олон зүйлсийн талаар ойлгож авсан. Мөн нийгмийн ялзрал, авлига, эдийн засгийн хүндрэл нь иргэдийг “амьд үлдэхийн төлөөх тэмцэл” рүү түлхэж байна. Ийм үед хүнээс ёс зүй, талархал шаардахад хэцүү боловч, яг энэ үед л бид “Ойрын соёл” буюу гэр бүл, дэргэдэх хүндээ талархахаас хүмүүжлийг эхлэх ёстой гэдэг нь хамгийн зөв гарц юм. Энэхүү нийтлэл нь бидэнд “Хөгжил гэдэг нь зөвхөн өндөр барилга, технологи биш, харин хүн хоорондын харилцааны дулаан уур амьсгал юм” гэдгийг сануулж байна. Төрийн зөвлөхүүдийн институцийн талаарх шүүмжлэл нь ч ахмад үеийн туршлага, эрдэм мэдлэгийг нийгмийн “мэлмий” болгож ашиглах зайлшгүй шаардлага байгааг харууллаа.

Боловсролын Удирдлагын анги П.Оюун - Эрдэнэ

Доктор Д.Нармандах багшийн ярилцлага бол манай нийгмийн хамгийн эмзэг бөгөөд чухал сэдвийг хөндсөн, маш гүн гүнзгий агуулгатай нийтлэл байна. Нийтлэлээс Талархлал, уламжлалт ба биеийн хэлэмж, хүмүүжил гэх мэт зүйлсийн талаар ойлгож авлаа. Мөн нийгмийн ялзрал, авилга, эдийн засгийн хүндрэл нь иргэдийг “амьд үлдэхийн төлөөх тэмцэл” рүү түлхэж байна. Ийм үед хүнээс ёс зүй, талархал шаардахад хэцүү боловч, яг энэ үед л бид “Ойрын соёл” буюу гэр бүл, дэргэдэх хүндээ талархахаас хүмүүжлийг эхлэх ёстой гэдэг нь хамгийн зөв гарц юм. Энэхүү нийтлэл нь бидэнд “Хөгжил гэдэг нь зөвхөн өндөр барилга, технологи биш, харин хүн хоорондын харилцааны дулаан уур амьсгал юм” гэдгийг сануулж байна. Төрийн зөвлөхүүдийн институцийн талаарх шүүмжлэл нь ч ахмад үеийн туршлага, эрдэм мэдлэгийг нийгмийн “мэлмий” болгож ашиглах зайлшгүй шаардлага байгааг харууллаа.

Л. Ариунжаргал

Энэ ярилцлагыг уншаад сэтгэл нэг л зөөлрөөд, монгол хүний ухаан гэдэг ямар агуу юм бэ гэдгийг дахин мэдэрлээ. Талархана гэдэг ганцхан “баярлалаа” гэх үг биш, хүнийг хүнээр нь хүндэтгэж, сэтгэлийг нь дулаацуулж, амьдралд нь гэрэл асааж байдаг нандин ёс юм байна гэдгийг маш гүн утгаар нь ойлгууллаа.
Өнөөдрийн энэ яаруу, хатуу нийгэмд бид нэгнийгээ сонсохоо больж, ахмадаа хүндлэх ёсоо гээж, дэргэдэх хүнийхээ сайн сайхныг анзаарахаа хүртэл мартжээ. Харин энэ ярилцлага монгол хүний уужуу ухаан, зөөлөн харилцаа, талархах соёлыг дахин сануулж өгсөн нь үнэхээр үнэ цэнтэй санагдлаа.
“Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг” гэх үг зүрхэнд хамгийн хүчтэй хүрлээ. Үнэхээр хүн хүндээ талархаж, хүндэлж чадвал нийгэм өөрөө дулаардаг юм байна.
Ийм гүн утгатай, ухаарал өгсөн ярилцлага хүргэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол хүний мөн чанар болсон энэрэл, хүндлэл, уужуу сэтгэл үеийн үед тасралгүй өвлөгдөж явах болтугай.

Боловсрол судлал Д.Билэгдэмбэрэл

Танд юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Бид бүхэн талархах ёстой нэг нэгнээ хүндлэх ёстой, хайрлах ёстой гэдгээ мэддэг ч үнэндээ хэлж хэрэгжүүлэх хүн ховор болсон. Талархал гэдэг зүйлийг илүү их ойлгож Монгол соёл ахуйтай хэрхэн уялддагийг шингээсэн сайхан ярилцлага болсон байна. Бусад улс орноос ч гэсэн бидэнд суралцах зүйлс их байна. Хүүхэд байхаас нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ бид бусдыг хүндэтгэх, хайрлах, бусдад талархах соёлд сургах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Гэр бүл үр хүүхдийн толь учир хүн бүр гэр гэртээ хүмүүжил гэдэг зүйлийг сургах нь зүйтэй. Энэ гэр гэрээс гарсан хүмүүс бид бүхэн л нийгмийг бий болгож байгаа. Тийм учраас нийгмээ эерэг болгоход хувь хүн бидний оролцоо мааш чухал гэж бодож байна.

Эрүүл мэндийн менежментийн магистрант А. Мягмаржав

Багшийнхаа ярилцлагыг өнөөгийн нийгэмтэй холбон авч үзэхэд хамгийн түрүүнд талархал, эмпати, хүндлэл зэрэг суурь үнэт зүйлсийн ялгаатай байдал, уялдаа холбоог дэлгэрэнгүй ойлгож авлаа. Орчин үед хүмүүс “би төвт” хандлагад илүү автах болсон нь бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх чадварыг сулруулж, харилцаанд хүйтэн хөндий байдал бий болгож байна. Талархал гэдэг зүйл өдөр тутмын амьдралд багасах тусам хүмүүс аливаа сайн зүйлийг энгийн зүйл мэт хүлээж авч, үнэлэхээ больдог сөрөг хандлага ажиглагдаж байна. Энэ нь эцэстээ үл хүндлэл, үл ойлголцлыг нэмэгдүүлж, нийгмийн талцал гүнзгийрэх нэг шалтгаан болдог ойлголоо. Мөн эмпати буюу бусдын мэдрэмжийг ойлгож, өөрийгөө тэдний оронд тавьж харах чадвар сулрах нь хүмүүсийн хоорондын итгэлцлийг бууруулж, харилцааг хурцатгах эрсдэлтэй. Үүний зэрэгцээ ахмад үеэ хүндэтгэх уламжлалт үнэт зүйлс зарим талаар суларч байгаа нь нийгмийн ёс зүйн суурь багасахад нөлөөлж байна.Цаашлаад хүүхдийн хүмүүжилд ч энэ асуудал шууд хамаатай бөгөөд талархал, хүндлэл, зөв хандлагыг багаас нь төлөвшүүлэхгүй бол ирээдүйд би төвт, зөвхөн өөрийгөө эрхэмлэх хандлага давамгайлах магадлалтай. Ийм нөхцөлд нийгэм бүхэлдээ ойлголцол багатай, талцсан уур амьсгалд хүрч, нийгмийн сөрөг хүчин зүйлсүүд нэмэгдэх хандлагатай болоод байна. Эцэст нь талархал, эмпати, хүндлэл зэрэг үнэт зүйлсийг сэргээж, хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарах нь өнөөгийн нийгмийн хамгийн чухал хэрэгцээ юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

А. Мягмаржав

Нармандах багшийнхаа ярилцлагыг уншаад их зүйлийг ойлгож авлаа. Юуны түрүүнд, талархал гэдэг зүйлийг бид ихэнхдээ ёс төдий, хэлбэрийн шинжтэй гэж ойлгох хандлагатай болсон байна. Гэтэл ярилцлагад өгүүлснээр талархал бол зүгээр нэг “баярлалаа” гэдэг үг биш, харин хүний хийсэн зүйлийг үнэлж, харилцаанд эерэг энерги үүсгэдэг суурь хандлага юм байна. Үүнийг алдах тусам хүмүүс бие биеэ буруутгах, шүүмжлэх тал руугаа илүү хазайдаг нь бодит амьдрал дээр ч ажиглагддаг. Мөн нийгэмд сайн зүйлс нэмэгдсэн ч хүмүүс түүнийг хурдан “хэвийн” гэж хүлээж аваад, үнэлэхээ больдог. Тиймээс энэ нь нэг талаараа хөгжил боловч нөгөө талаараа сэтгэлзүйн хувьд үл хүндлэл, үл тоомсорлол үүсгэж, улмаар талцал нэмэгдэх нөхцөл болдог гэж ойлголоо.
Эцэст нь дүгнээд хэлэхэд талархлын соёл сулрах нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн уур амьсгалыг бүхэлд нь өөрчилдөг хүчин зүйл юм.

Г. Гэрэлт-Од

Нармандах багш маань өнөөгийн нийгмийн ерөнхий буруу хандлагыг өнгөрсөн, одоо ирээдүй цаг дээр маш тодорхой тайлбарласан байна

Г. Гэрэлт-Од

Д.Нармандах багш маань өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлаа өнгөрсөн , одоо, ирээдүй цаг талаас маш тодорхой тайлбарласан байна шүү дээ. Ахмадуудаа хүндлэж үг сургаалийг нь сонсож, туршлагаас нь суралдаж хүндэтгэн харьцахыг #өнгөрсөнөөсөө суралцахуй, хүн бүр талархалын сэтгэхүй суулгаж бухимдсан нийгмээ зөөллөх аргыг #одоо хэрэгжүүлэхүй, хүүхэд багачуудаа сургахуйг #ирээдүйгээ хүмүүжүүлэхүй хэмээн айлджээ.

Д.Жаргалмаа

Сайхан нийтлэл болсон байна. Одоо бол бага насны хүүхдүүд илүү талархаж мэддэг баярлалаа гэж хэлдэг биднээс илүү байгаа харагддаг. Тэгээхээр энэ нийгэм маань ч гэсэн илүү эерэг талархаж мэддэг хүмүүсээр хүрээлэгдэж өөрчлөгдөнө гэдэгч найдаж байна. Бусдаас ерөөлийн үг сонсох ялангуяа өглөө эрт сонсвол цаанаасаа л тэр өдрийн бүх ажил саадгүй бүтэх мэт мэдрэмж төрдөг шүү. Тиймээс л “Үгээр хүнийг аварч ч болно алж ч болно” гэсэн үг байдаг болов уу гэсэн бодол төрдөг. Тиймээс хүүхдүүдээ л талархаж мэддэг уучлал гуйдаг хүн болгож өсгөхийг хийчээж байна даа.
Таны цаашдын ажил үйлс нь үргэлж дэлгэрч байх болтугай.