Өнөөдөр сөрөг хүчин намынхаа гал тогоог хэнээр бариулахаа шийдэх чухал сонголтын өмнө зогсож байна. Энэ сонголтын хамгийн гол нэр дэвшигч нь АН-ын ерөнхий бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт. Тэгвэл түүнийг хотын экс дарга, АН-ын лидерүүдийн нэг Э.Бат-Үүл дэмжиж байгаа гэдгээ цахим хуудсаараа илэрхийлжээ.
Э.Бат-Үүл:
-С.Баярцогтын цээжийг нүцэглээд харвал, манай намын хагарал, бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, хөөрхий! Тийм учраас, хагарал, эвдрэлээсээ болж ялагддаг ганцхан шалтгааныг, өөрийн сорвитой шархтай биеэрээ тэр дэндүү сайн мэддэг, мэдэрдэг. Шоронд байхад нь эргэж очиход, мань хүн надад өөрийнхөө тухай биш, намынхаа хагарлыг засах тухай ярихад нь би уцаарлаад, “Чамайг Жэнко шоронд хийсэн шүү дээ” гэхэд, өөдөөс юу гэсэн гээч?!
“Ийм юм яриад байвал манай нам хэзээ ч ялахгүй. Намаа нураахгуйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргагүй” гэж билээ! Энэ үгэнд уур хүрсэн ч, Коннор Макгрегор шиг булчин шөрмөс нь зангирсан фит эр өмнө минь зогсоод, намынхаа ирээдүйг ярьж байгааг хараад, “Иийм нам хэзээ ч ялагдашгүй” гэж би өөрийн эрхгүй зоригжсон юм даа! Монголынхоо төлөө зүтгэснийхээ хариуд 10 жилийн ял аван хэлмэгдчихсэн хэрнээ, ирээдүйн тулаанд бэлдэн зогсож байгаа түүнийг хараад, ангайхаас өөр яалтай билээ! “Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтад хүргэнэ” гэдэг бол, зовлонгийн ёроолд байхдаа түүний өөртөө тавьсан тангараг болой!.



