horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Тэмүүжин: Намынхаа үзэл баримтлалыг ярилгүй, хэн хэдэн хүн цуглуулснаараа өрсөлдөх гэж байна

post-img

АН-ын ҮБХ-ны хурал болж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс хурлын талаар тодрууллаа.

-Хурлаар ямар асуудал хэлэлцэж байна вэ. 1980-аад оныхонд боломж олгох асуудал яригдсан гэдэг сураг байна?

-Энэ намын ирээдүйг үүрч явахын тулд, ирэх он жилүүдэд АН хүчтэй байхын тулд нам доторх ойлголцлоо сайжруулах тухай 6 жилийн өмнө яриа болж байсан. 1970-аад оныхон гол үүрэг гүйцэтгэх байх. Тиймээс дараа үе буюу 1980-аад оныхондоо ачаа үүрэх боломжийг олгож, 3 үеэрээ зэрэгцэн орших тухай ярьж байлаа. 2024 оны сонгуулийн өмнө ч ийм яриа болж байсан. Ачааны хүндийг үүрч байгаа шийдвэр гаргагчид бодлогынхоо үндэс рүү чиглэдэг болгохын төлөө хичээж ажиллах нь чухал. Би энэ яриан дээрээ бат зогсоно гэж бодож байна. 1980 оныхон маань гар нийлж, техникийн ажилд оролцох ёстой.

-Эв нэгдлийн тухай яриа их болж байна. Та бүхэн дотооддоо эв нэгдэлгүй байгаа юм уу? Эрх баригч намынхнаас чинь танай намын шийдвэр, томилгоонд оролцоод байна гэсэн яриа гараад байна.

-Манай намд механик буюу хүн бөөгнүүлчихвэл хүчтэй болчихно гэж бодсон жагсаалын уралдаан болоод байна шүү дээ. Хэний ард хэдэн хүн байна, хэн хэдэн гишүүн цуглуулж чадав гэдэг нам доторх уралдаан намыг сүйтгэж, хуваагдлыг том болгоод байна. Энэ хуваагдал дундуур гол урсаад голын хоёр эрэг дээр намын гишүүд хуваагдаад суучихдаг. Энэ урсгалыг намаас урсгадаггүй. Тийм учраас бусдын урсгаж байгаа голын 2 эрэг дээр зогсохоос илүүтэй голдоо асааж буй үзэл санааныхаа гал руугаа нэгдэх цаг болчихсон байхгүй юу.

Бид өнгөрсөн хугацаанд үнэт зүйлээ ярилцсангүй. Үзэл санаагаа ярилцсангүй. Үзэл санаандаа суурилсан бодлогоо ярилцсангүй. Ярианд амт оруулдаг, мөн чанарыг илэрхийлдэг тэр хэсэг нь байхгүй бол хэн нь дарга болох юм. Хэн нь олон хүн цуглуулснаараа өрсөлдвөл энэ нам биш. Энэ бол арми. Улс төрийн нам ямар үзэл баримтлалтай юм, тэрэн дээрээ нэгддэг нэгдэл байх ёстой.

-Өнөөдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдоно. Нэр дэвшигчээс гадна заалнаас эсвэл намын бусад фракцаас нэр дэвшигч өрсөлдүүлэх бололцоо бий юу?

-Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмээр бол намын дарга нэр дэвшигч оруулж ирэх ёстой.

-С.Баярцогтыг танай намынхан яагаад эсэргүүцээд байдаг юм бол?

-Би эсэргүүцээгүй. Эсэргүүцсэн хүн байгаа бол тэр хүнээс асуувал зөв байх. Надад хэнийг нэр дэвшүүлэх талаар ямар нэгэн байр суурь алга. Ерөнхий нарийн бичгийн дарга хэн байхаас үл шалтгаалж, намын ажил, үнэт зүйл, үзэл баримтлал мөрдөгдөж байх ёстой. Фракц хоорондын зөрчлөөс болоод, үнэт зүйл, үзэл баримтлалаа живүүлчих юм бол нам байх утга учир алдагдана шүү дээ.

-Одоо үнэт зүйл үзэл баримтлалдаа анхаарч байгаа лидер байна уу, танайд?

-Сая би хэллээ. Өнгөрсөн 3 сарын хугацаанд хуралдахдаа үнэт зүйл, үзэл баримтлалынхаа талаар огт яриагүй. Тийм ч учраас бид юунаас болж зөрчилдөөд байгаагаа ойлгохгүй, голын 2 тал руу үсэрчих гээд байгаа байхгүй юу. Тиймээс бусдын урсгасан голын 2 талд гарах биш. Голынхоо нэг талд намынхаа үзэл баримтлалд төвлөрч, бид энэ улс эх оронд юу хийх гэж цугларсан юм гэдгээ ойлгож нэгдэх хэрэгтэй байна.

Бид эрх чөлөөний үзэл санаан дээр суурилсан шүү дээ. Бид ардчиллыг бэхжүүлэх гэж зорьж ирсэн шүү дээ гэдгээ бодож, эргэн нэгдэх хэрэгтэй байгаа юм. Хүн дагаж зөрчилдөх биш.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000