Орон сууцны захиалга авчхаад үүргээ биелүүлдэггүй, иргэдийг хохироодог үйлдэл түгээмэл. Энэ байдал нийслэлд төдийгүй орон нутагт ч түгээмэл байгаа юм. Тэгвэл иргэдэд учирч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал тухайн компанийн барьж буй орон сууцны барилгын явц 50 хувьдаа хүрээгүй тохиолдолд иргэдээс захиалга авахыг хязгаарлах шийдвэр гаргалаа.
Уг асуудлаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал “БХБЯ болон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд саналаа хэлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэлгүй байна. Цаашид хуулиар хязгаарлах нөхцөл бүрдэнэ байх. Хуулиар ямар нэгэн зохицуулалт хийх хүртэл хязгаарлалт хийх арга хэмжээ авна” хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт орон сууцны захиалга авч иргэдийг хохироосон 4 барилгын компани байгаа бөгөөд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд иргэдийг орон сууцны захиалга өгч, сонголт хийн гэрээ байгуулахдаа хууль эрх зүйн талаас сайтар судалж, хариуцлагатай хандаж байхыг уриаллаа.

