Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо төслийн нэгжтэй хамтран сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.

Уг төслийн хүрээнд 4000 гаруй хүнийг хамруулсан судалгааг зохион байгуулжээ. Ийн судалгаанд суурилсан кейсүүдээс харахад сүрьеэгээр өвчилсөн иргэдэд нийгмийн халамжийн хэрэгцээ өндөр, халамжийн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг уялдуулах, сайжруулах шаардлага үүсжээ. Ингээд 2025 онд Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам боловсруулахдаа нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдах сүрьеэ өвчтэй хүнд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн байгууллага хамтран үйлчилгээ үзүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах асуудлыг тусгасан байна.
Нийгмийн хамгааллын үйлчилгээнд сүрьеэ өвчтэй хүнийг хамруулбал сүрьеэгийн өвчлөл жилд 9 хувиар буурах тооцооллыг мэргэжилтнүүд хэлж байна.
Иймд сургалтаар салбар хоорондын уялдааг сайжруулах, сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд анхаарах асуудлуудыг ярилцах, сүрьеэгээр өвчилсөн иргэдэд шинэ журмын дагуу үйлчилгээг хэрхэн хүргэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндлөө.

