Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Монгол Улсыг барилга гэвэл ямар хийц загвартай барилга вэ?
- 2026/05/07

- 5 цаг 8 минутын өмнө

- 4 мин уншина

Барилгаар бол Монгол Улс яг ямар барилга байх юм бэ? Ингэж асуувал зарим хүн орос маягийн дүнзэн байшин, зарим нь хятад хийцтэй шавар байшин, нөгөө хэсэг нь тэнгэр баганадсан шилэн цамхаг төсөөлж байгаа байх. Би харин монгол хэв загвартай, гэр маягийн хийцтэй, дээвэр дээрээ мод тарьсан, түүн дээр нь шувууд жиргэсэн, цонхон дээр нь цэцэгс дэлгэрсэн ордон төсөөлдөг. Таны, чиний, түүний, миний, бидний төсөөлсөн барилга бүгд өөр өөр байгаа биз?

Энэ бол Монгол Улс загвараа гаргаагүй байгаагийн илрэл юм. Хэрвээ тийм загвар байсан бол 3.5 сая иргэн бүгд ижил барилга төсөөлөх байлаа. Барилгачид тэр загвар, зураг төслийн дагуу барилгаа барих байлаа. Даанч байхгүй учир Ерөнхийлөгч 1 юм ярьж, УИХ-ын дарга өөрийг бодож, Ерөнхий сайд огт өөрийг төсөөлдөг. Сайд, дарга нар дур дураараа попордог. Тэгээд эцэст нь гэрээ барьж, байшингаа босгож чадсангүй. Ямар юм барихаа мэдэхгүй байгаа юм чинь.

Үүний хамгийн том жишээ бол хууль. Бүгдийг төр өмчилдөг, хүн өмчтэй байж болдоггүй системээс монголчууд 1992 онд татгалзаж, иргэн төвтэй нийгэм байгуулахаа тунхагласан. Гэвч түүнээс хойш Төрийн өмчийн тухай, Орон нутгийн өмчийн тухай гээд хууль баталлаа. Хувьчилсан үйлдвэр, барилгаа хүртэл хувийн хэвшлээс төр буцаан булааж авав.

Би харин монгол хэв загвартай, гэр маягийн хийцтэй, дээвэр дээрээ мод тарьсан, түүн дээр нь шувууд жиргэсэн, цонхон дээр нь цэцэгс дэлгэрсэн ордон төсөөлдөг

ЭДИЙН ЗАСАГ. Эд+ийн зас+г. Эдийг засах тухай л нэр томьёо. Төр эдийн засгаа зохицуулахаар Үндсэн хуульд заасан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Эдийн засгийн хөгжлийн яам гээд эдийн засаг гэдэг үг орсон нэртэй байгууллагууд уг нь мундаагүй. Тэд Монгол Улс гэдэг барилгын зураг, төслийг боловсруулах үүрэгтэй ч өдий болтол уг ажлаа хийсэнгүй. Харин одоо ийм зураг төсөлтэй болох янзтай. Парламентын судалгааны хүрээлэнгийн захиалгаар Системийн инженерчлэлийн инститүт Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтолцооны үндэсний загвар боловсруулахаар судалгаа хийж байна.

Энэ талаар “Эдийн засаг гэж юу вэ гэсэн нэгдсэн ойлголт манай улсад алга. “Үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн шатанд тохирч буй үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэлийн харьцааны цогцос” гэсэн байж боломгүй тайлбар гарч ирж байна. Цогцос гэдгийн урдах үгс нь Марксын онол. Эдийн засаг гэж юу вэ гэдгээ мэдэхгүй байгаа болохоор түүнийг хэмжих хэмжүүр алга. Тэгсэн атлаа бодлого гаргадаг. Бодлого нь эргэх холбоогүй. Уг нь бодлогоо бодит өгөгдлөөр хэмжиж, засаж, сайжруулж байх ёстой. Зах зээл өөрөө засна. Хуулиар зохицуулна. Мөнгө байвал шийднэ гээд зугтаад байдаг. Ингэж болохгүй.

Манай Үндсэн хууль хүн төвтэй. Түүнд тулгуурлаж, нийгэм-эдийн засгийн тогтолцооны үндсэн загвар боловсруулж байна. Загвар байвал хэмжиж чадна. Хэмжиж чадвал хянаж чадна. Загвар нь байхгүй болохоор асуудлаа оношилж чадахгүй байна. Тэгээд асуудалд таамгаар ханддаг. ДНБ, мөнгөний бодлого яриад байдаг. Тэр бол удирдах хэрэгсэл биш. Эдийн засаг ямар байгааг харуулдаг хэрэгсэл” гэж Системийн инженерчлэлийн инститүтийн тэргүүн Д.Жаргалсайхан ярилаа.

Парламентын судалгааны хүрээлэнгийн захиалгаар Системийн инженерчлэлийн инститүт Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтолцооны үндэсний загвар боловсруулахаар судалгаа хийж байна

Зарим эдийн засагч Үндсэн хуулийг эдийн засагжаагүй гэж голдог. Харин Д.Жаргалсайхан Үндсэн хууль судлаад цочирдсон бол нөгөө талаас олзуурхжээ. Олзуурхсаны учир нь хүний эрх, эдийн засгийн эрхийг уг хуульд хангалттай тусгаж өгсөн байдаг аж. Тэдний судалгаагаар Үндсэн хуульд иргэний 18 багц эрхийг зааж өгчээ. Үүнийг задалбал 97 нэгж эрх болсон байна. Энэ эрхийг нь иргэн бүртээ эдлүүлэх баталгааг төр олгох үүрэгтэй. Гэвч манай УИХ, ЗГ, төрийн байгууллагууд яг тэр эрхийг эдлүүлэхтэй холбоотой 1, 2-р бүлгийг хэрэгжүүлэлгүй орхиж, түүнээс хойших төрийн эрхийг хэрэгжүүлж ирсэн байна.

Цочирдсоны учир нь төрийн эрхийг үнэндээ нам барьдаг. Нам бодлоготой, үүрэгтэй байх ёстой ч тэр талаар зааж өгөөгүй аж. Намыг тэрээр эрхийн балай хүүхэдтэй зүйрлэсэн юм. Иргэн, аж ахуйн нэгжид бөөн үүрэг оноосон атлаа төр баахан эрх эдлэхээр хуульд заажээ. Өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг 400-гаад хуулийг шинжлэхэд ганц ч зөрчилгүй 51 хууль байсан бол зөрчилтэй 340 гаруй хууль байсан аж.

Нийгэм, эдийн засгийн эрх гэдэг бол ердөө л төрийн дарамтыг байхгүй болгох тухай юм. Монгол Улс нийгэм-эдийн засгийн тогтолцооны үндэсний загвартай болбол 3.5 сая иргэн бүр улс гэдэг барилгаа харж, ойлгоно. Тэр барилга ямар загвартай байх талаар Д.Жаргалсайхан “70% нь монгол хийцтэй, 30% нь Дэлхийн онцлогтой барилгын зураг бий болох байх” гэсэн юм.

- Шинэ
- Хандалттай