Шүүх шинжилгээний байгууллага жил бүр дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэгт оролцож, 75 мянга гаруй шинжилгээ хийдэг бөгөөд өдөрт дунджаар 200 гаруй шинжилгээ хийдэг байна. Гэсэн хэдий ч шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал хөдөө орон нутагт хүндрэлтэй байгаа асуудлаар ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд
“Орон нутагт шүүх шинжилгээний байгууллагын барилга байгууламж хүрэлцээгүй байна. Хүний биеэс биологийн дээжийг авч 10 жил хадгалахын тулд химийн бодис хийж хадгалдаг. Гэсэн хэдий ч шүүх шинжилгээний ажилчид хор саармагжуулах бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээнд хэрэглэж чадахгүй байна. Энэ нь төсөв бага байгаатай холбоотой. Сарын сүүлд хор саармагжуулах бүтээгдэхүүний оронд 3 литр сүү, тараг өгч байна. Ингэхдээ нэг литр сүү, таргийг 625 төгрөгөөр тооцон олгодог байна. Энэ нь одоогийн зах зээлийн ханштай нийцэхгүй байна.
Мөн зориулалтын бус шүүх шинжилгээний барилгатай байгаагаас үүдэн ажилчид нь өөрсдийн ажлын өрөөндөө эд мөрийн баримтыг хадгалдаг гэх мэт хүнд нөхцөл байдал илэрсэн. Цогцостой ажилладаг шүүх шинжилгээний эмч ажилчдын дунд хийсэн судалгаагаар нийслэлд дунджаар 400 гаруй, орон нутагт 100 гаруй цогцостой ажилладаг. Сумуудад байгаа цогцос хадгалах өрөө дэд бүтэц, халаалтгүй, зун кондэйшингүй байгаагаас хүнд нөхцөл байдал үүсдэг талаар туслах ажилчид хэлсэн. Мөн шүүх шинжилгээний байгууллага нь хувь хүний эмзэг мэдээллүүдийг цуглуулж архив үүсгэдэг. Гэвч тэднийг хамгаалж чадахгүй байна. Тухайлбал, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шинжилгээг 120 цагийн бичлэгтэй хийдэг. Түүнчлэн цогцост хийсэн камерын бичлэг хийдэг.Эдгээрийг хамгаалж чадахгүй нөхцөл байдал үүссэн, алдагдахад бэлэн гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
Шүүх шинжилгээний ерөнхий газар хөгжиж байгаа ч орон нутагт хөгжил орхигдож, ажилчдын эрх зөрчигдөж байгааг ХЭҮК-оос тодотголоо. Иймд шүүх шинжилгээний байгууллагад үүссэн хүний эрхийн зөрчилтэй холбоотой 16 саналыг УИХ-д хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.
ХЭҮК-оос Орон нутаг дахь шүүх шинжилгээний байгууллагын ажилчидтай уулзахад
“Нярайн цогцсыг ажлын байранд, ахуйн хөргөгчинд хадгалж байсан”
-Манайд цогцос хадгалах байр байхгүйгээс 2 нярайн цогцсыг 2 жил албаны байранд ахуйн хөргөгчид, ажлын орчинд хадгалж байгаад хөдөөлүүлж байсан. Хоёр жил хадгалахад албан хаагчдын сэтгэл зүйд хүнд байсан.
/….аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс/
-Цогцос хадгалах хөргүүр аймгийн хэмжээнд ердөө 5 ширхэг байдаг. Энэ нь зуны улиралд хүндрэл үүсгэдэг. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжид ажиллах үедээ өдөр, шөнийн аль ч үед моргт ганцаараа очиж 1-2 цагийн зайтай, цогцсуудыг гараараа өргөж зөөвөрлөн ээлжлэн хөргүүрт хийдэг. Үүнийг хийсэн гэж надад нэмэлт цалин, урамшуулал олгогддоггүй. Хүнд зүйл өргөж зөөвөрлөхөөс шалтгаалан нурууны өвдөлт үүсэх зэрэг эрүүл мэндийн асуудал үүсдэг.
Алба хаагчтай хийсэн ярилцлагаар шинжилгээний дүгнэлт гаргах явцад мөрдөгч болон бусад этгээдээс нөлөөлөх оролдлого гардаг, дүгнэлтийг өөрчлүүлэх талаар шахалт үзүүлэх, алба хаагчдын хувийн холбоо барих мэдээлэл гуравдагч этгээдэд дамжих, иргэдээс шууд дарамт, доромжлол үзүүлэх зэрэг нөхцөл байдал илэрч байгаа талаар ХЭҮК-оос мэдээлсэн юм.

