Баасан гарагт Ерөнхий сайдаас ямар нэгэн асуулга байхгүй үед чуулган тал ажилладаг хуваарьтай болоод байгаа. Өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүнд хандсан асуулга байхгүй. Гэхдээ ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцүүлж эхэлсэн тул үдээс хойш сунаж хуралдаж байна. Хэлэлцэх асуудлын тухайд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
Уг нь чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төсөл олон байгаа боловч УИХ 126 гишүүнтэй болсноосоо хойш баасан гараг бүрт тал ажилладаг горимд шилжсэн билээ. Харин өнөөдөр бүтэн өдөр хуралдаж байгаа ховорхон баасан гарагуудын нэг болж байна.


