Нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллыг орон сууцжуулах томоохон бүтээн байгуулалт болох “Сэлбэ хот” төслийн ажил эрчимтэй үргэлжилж байна. Тус төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га талбайд хэрэгжүүлж байгаа юм. Энэ хотыг байгуулж чадах эсэхээс дараагийн дагуул хотуудын тавилан шийдэгдэнэ.
Нийслэлийн ЗДТГ 2024 онд гадаадад 500 сая ам.долларын бонд гаргасан. Үүгээр Сэлбэ дэд төвийг бүтээн байгуулах байв. Гэсэн ч Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ баталсангүй.
“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатартай энэ талаар ярилцлаа.
-Агаар, хөрсний бохирдол, түгжрэлийг дагуул хот байгуулах замаар шийдэж болох эсэхийг “Сэлбэ 20 минутын хот” төсөл харуулна. Гэтэл гадаад бондын мөнгийг ашиглах эрхийг УИХ олгосонгүй.
-Энэ төслийг нийгэм хүлээж байна л даа. Монгол Улс том төсөл хэрэгжүүлэх цаг болсон. ЗГ 14, Улаанбаатар хот 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Үүнээс хэрэгжиж байгаа эхний хэдэн төслийг санхүүжүүлэх хуулийн төсөл УИХ-аар батлуулах гэсэн ч уналаа.
-Одоо Сэлбэ төв байгуулах санхүүжилтийг яаж шийдэх юм бэ. Сая нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурлаар энэ асуудлыг ярив уу?
-Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурлаар энэ талаар яриагүй. ЗГ уг хуулийн төслийг дахиж өргөн барих чимээтэй байна. Энэ 7 хоногт дахин хэлэлцэх байх. Түүнийг хэрхэн шийдэх нь үү. Үүний дараа бид дараагийн төлөвлөгөөндөө орно доо. Төслийг бол зогсоохгүй. Үргэлжлүүлнэ.
-Яг өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хэдэн хувийг байгуулаад байна. Ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-2026 оны 2-р сард 22% байсан юм. Энэ хавраас хойш сар гаруйн хугацаанд 10%-иар нэмэгдсэн. Ажлын явц одоо 32%-тай байгаа.
-Энэ зунаас орон сууцандаа захиалга авч эхлэх байсан. Санхүүжилт зогссоноос болоод захиалга авч чадахгүй болох юм биш биз?
-Яг одоогоор бол захиалга авахаа хойшлуулахаар нөхцөл байдал үүсээгүй байна. Бид бизнес төлөвлөгөөгөө дахиж харна. Уян хатан, боломжтой хэлбэрээр бид төслөө дуусгана. Цаг үеийн шинжтэйгээр төслийн төлөвлөгөөнд зарим өөрчлөлт орох явдал бол байдаг шүү дээ. Товлосон хугацаандаа биш юм гэхэд нэг их хойшлуулахгүйгээр захиалгаа авна.
-Гэхдээ ЗГ уг хуулийн төслөөс Сэлбэ төвийг хасаад, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслөө үлдээгээд, өргөн барих шинжтэй байгаа.
-Ер нь тийм яриа гараад байсан. Мэдээж УИХ-ын гишүүд дархан эрхтэй. Саналаа яаж өгөх нь өөрийнх нь асуудал учраас үүн дээр бид янз бүрийн үнэлэлт дүгнэлт өгөх нь илүүц. Цаашдаа энэ төслөө яаж явуулах вэ. Үр өгөөжийг нь алдагдуулахгүй, төлөвлөсөн ажлаа яаж хугацаандаа хийх вэ гэдэгт анхаарч байна.
Мэдээж бүгд л улсад хэрэгтэй, стратегийн том төслүүд шүү дээ. Сэлбэ дэд төв бол хотын эдийн засагт шууд нөлөөлөх төсөл. Маш олон салбарыг хамарсан, дам нөлөөтэй. Төсөл хэрэгжүүлэх явцын дунд шууд өгөөжөө өгөх төсөл байгаа юм. Тэгэхээр үүнийг тусад нь авч үзэх нь өрөөсгөл. Үүнийг ойлгох болов уу гэж бодож байна.

Агуулгын хувьд харвал энэ бол маш их хүлээж байгаа төсөл. Сүүлийн 10 гаруй жил манай улс утаанаас салах, түгжрэлийг арилгах гэж янз бүрийн том том төсөл хэрэгжүүлж үзлээ. Хот төлөвлөлтийн том төсөл хэрэгжүүлж байж, зоригтой алхам хийж байж бид энэ төвлөрлийг сааруулж, 1 төвт хотоос олон төвт хотод шилжинэ.
Энэ бол зөвхөн яндан, модон жорлон буулгах асуудал биш. Үүний цаана түгжрэлээс болоод алдагдаж буй боломжийн тухай ярих ёстой. Хөрс, агаарын бохирдлоос шалтгаалж буй эрүүл мэндийн асуудал байна. Маш хүнд хүнд асуудал ярьж болно шүү дээ. Дулаарахаар шар ус, борооны үерээр нүхэн жорлонгийн бохир урсаж, хотын төвд ирдэг. Нүдэнд харагдахгүй, тахал үүсгэж болох маш өндөр эрсдэл гэр хороололд бий. Үүнийг агуулгаар нь шийдэх том төсөл эхлээд байна. Үүнийг өргөн хүрээнд авч үзээсэй гэж хүсэж байна.
-Дээрх 3 төсөлд зарцуулах бондын төлбөр, хүүд нийт 60 гаруй тэрбум төгрөг төлж байгаа гэнэ. Үүний хэдэн хувь нь Сэлбэ дэд төвд зарцуулах бондынх вэ?
-Энэ жил бид 800 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. 600 орчим тэрбум төгрөгийн орлого борлуулалтаас татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөөг 2025 онд гаргасан. Үүнийг аль болохоор, хугацааг нь ч хөдөлгөхгүйгээр, зарчмаасаа ч ухрахгүйгээр төслөө урагшлуулахаар дараагийн төлөвлөгөөндөө ороод ажиллаж байна. Мэдээж энэ 7 хоногт ЗГ ямар шийдвэр гаргах нь вэ, түүнийг хүлээж байна.
-Сэлбэ дэд төв орон сууцандаа захиалга аваад, түүгээрээ өөрийгөө санхүүжүүлэх боломж бий юү?
-Бид боломжийг л хайна. Магадгүй энэ хэрэгжиж буй олон төсөл дотор зардлаа богино хугацаанд нөхөх бололцоотой нь Сэлбэ. Зарим нь урт хугацаанд зардлаа нөхнө. Зардлаа нөхөхгүй, нийгмийн өгөөжтэй төсөл ч бий. Манайх бол зардлаа богино хугацаанд нөхөх төсөл. Дээрээс нь мөс хагалж байгаа төсөл. Хувийн хэвшилтэй хамтарч бид бусад орон зайгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа. Хувийн хэвшлийнхний итгэлийг хүлээж байгаа цогц төсөл. Энэ утгаараа нийгэм, эдийн засагт шууд нөлөөтэй, сайн төсөл.
-Бондын мөнгөө авч чадахгүй болбол цахилгаан, дулааны шугам татах гэх зэргээс эхлээд ажил зогсох уу?
-Цалин мөнгөнөөс эхлээд бүгд зогсоно. Бондын мөнгөө зарцуулах эрх үүсэхгүй байгаа. Мөнгө байгаад байдаг. Зарцуулах эрх өгөхгүй байна.
-Нэгэнт мөнгө нь бэлэн. Зээл, хүү төлж байгаа. Тэгсэн атлаа зарцуулах эрх өгөхгүй байгаа нь сонин байна л даа. Тэртэй тэргүй ашиглая гээд зээлсэн мөнгө шүү дээ. Гэтэл ашиглаагүй мөнгөө буцааж хүүтэй нь төлөөд байдаг. Үүнийг өрийн таазтай холбоод байна. Цаана нь утаа, түгжрэл, хөрсний бохирдол гээд түмэн асуудал байгаа. УИХ-ын гишүүд үүнийг ойлгож байгаа ч бондыг ашиглах эрх олгохгүй байгаа нь МАН-ын дотоод хагаралтай холбоотой. Үүнийг танай нам, МАН л шийдэх ёстой шүү дээ.
-Улстөржсөн асуулт байна л даа. Улстөржихөөс илүү бодит нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй, энэ цаг үед. Их хурлын гишүүдээс эхлээд 1.7 сая хүн Улаанбаатарт амьдарч байна. Бид нэг л хотод амьдардаг. Зарим нь цэвэр агаараар амьсгалж, түгжрэхгүй яваад байгаа биш шүү дээ. Энэ бол бүх хүнд хамаатай асуудал. Үүнийг шийдвэр гаргагчид, УИХ-ын гишүүд маш сайн ойлгож байгаа. Биднээс ч илүү ойлгож байгаа. Тиймээс ч үүнийг шийднэ гэж амлаад, сонгогчдын саналыг авсан хүмүүс. Энэ бол та нарын ажил. Ажлаа сайн хийгээрэй л гэж хэлье.
-Нийслэлийн засаг даргын орлогч нарыг Сэлбэ дэд төвтэй холбон сэрдэж, шалгаж ч байна. Сэлбэ төвд бондын мөнгө зарцуулахгүй гээд байгаа нь үүнтэй холбоотой байж болох уу?
-Би шууд тэгж ойлгохгүй байна. Улстөржүүлбэл үүнийг холбож ярих л байх. Төсөв, макро эдийн засагтай холбоотой зарим зүйл нь болохгүй байгаа учраас Сэлбэ дэд төв төслийг хойш тавих санаачилга гарч байгаа юм болов уу? Бодит байдлыг олж харахыг хичээж байна.
-Эдийн засагчид бол “Сэлбийг хасахгүй бол ОУВС асуудал үүсгэх байсан” гэж тайлбарладаг. Та тэгж бодож байна уу?
-Тэгж бодохгүй байна. Ер нь бол энэ төслийг хэрэгжүүлэх ёстой. Улаанбаатар хотын иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Энэ бол дараа дараагийн хотын загвар болох төсөл. Төр гэр хорооллын газрыг богино хугацаанд чөлөөлж, дэд бүтцээ маш эрчимтэй тавих ёстой. Үүний үр дүнг харж байж, дараа дараагийн дэд төвийг яаж байгуулахаа шийдэх юм. Энэ төслөө татаж унагавал бид дахиж Улаанбаатарт ийм их газар чөлөөлөх боломжгүй. Иргэдийн итгэл унана. Энэ талаасаа Сэлбэ дэд төв маш эмзэг байдалтай болчихлоо.

Төслийн баг бол үүний ард нь гарахаар маш өөдрөг ажиллаж байна. Үүнд улс төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Том төслийг иргэдийн оролцоо, улс төрийн дэмжлэггүйгээр хэрэгжүүлэх боломжгүй. Олон нийт, улстөрчид үүнийг зөв өнцгөөс нь харж, дэмжих байх гэж найдаж байна.
-Одоо төслийн талбай дээр хэдэн компани, хэдэн хүн ажиллаж байна?
-7 ерөнхий гүйцэтгэгч, 40 орчим туслан гүйцэтгэгч бий. Дам нөлөөгөөр 150-160 аж ахуйн нэгж, бэлтгэн нийлүүлэгч ажиллаж байна. Энэ бол зөвхөн өнөөдрийн тоо. Бидний төлөвлөснөөр бол энэ төслийг эрчимтэй хэрэгжүүлэх 8, 9-р сард энэ тоо 3-4 дахин нэмэгдэнэ.
-Эхний орон сууц 2027 онд ашиглалтад орно. Хэрвээ санхүүжилтгүй болбол 2028 он, түүнээс ч хойшлох эрсдэл үүсэх үү?
-Хойшлох хугацааг бол би хэлж мэдэхгүй байна. Үнэхээр санхүүжилтгүй болоод зогсвол хэзээ санхүүжилттэй болно, тэр болтол зогсох байх.
Хэрвээ энэ төсөл удаашраад зогсонги байдалд орвол бондын хүү бол энэ төслөөс алдах ганцхан зүйл нь. Энд ажиллаж байгаа маш олон компанийн ажлын байрны асуудал яригдана. Энд ажиллаж, цалин авч байгаа хүмүүсийн цалингийн асуудал үүснэ. Бусад хүлээж байгаа үр дүнгүүд хойшилно. Тэгэхээр бондын хүү дэмий төлөх бол маш жижиг асуудал.
Манайх чинь жижиг эдийн засагтай улс. Том төслийн мөнгөн дүн өндөр яригдаж байгаа учраас хүн болгоны сонирхол, үүнийг дагасан хардлага сэрдлэг гэх мэт олон зүйл байна. Энэ төсөлд асуудал байвал засаж залруулах, шинэчлэх боломжтой. Бүтэн агуулгаар нь шинэчлэх шаардлага ч үүсэж болно. Хамгийн гол нь зогсоож болохгүй.

