horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын ард ялгаварлан, гадуурхалт байна уу…

post-img

Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт нь сургалтын чанар, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой. Энэ нь багшийн ажлын гүйцэтгэл, сургалтын үр дүнг үнэлж, сургалтын чанарыг сайжруулахад чиглэгддэг. Тэгвэл 5-р сарын 4-нөөс гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэлж буй. Шалгалтад төрийн өмчийн сургуулийн 30,140 багш, сургуулийн өмнөх боловсролд 7350 багш оролцож буй.  Энэ үеэр энгийн сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад оруулахгүйн тулд нэрсийг нь жагсаалтаас хасдаг гэх гомдлыг эцэг эхчүүд гаргаж байна.

Үндсэндээ гүйцэтгэлийн үнэлгээ гэх зүйл зорилгоосоо хазайсан байж болзошгүй. 2024 онд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “сурагчдын сурлагын чанарыг сайжруулах үүднээс дүнгээр уралдуулдаг байдлыг хална” хэмээн мэдэгдсэн ч дунд шатандаа энэ нь биелэлээ олсонгүй бололтой. Учир нь сурагчдаа сайн муу сурдаг, цаашлаад ялгаатай байдлаар нь ялгаварлаж  эрхийг нь ноцтой зөрчиж байгаа аж.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 

6.1д “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ” гэж заажээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйцэтгэлийн үнэлгээнд оруулахгүй, хасдаг гэх асуудлаар эцэг, эхчүүдийн төлөөлөл М.Энхжаргал дараах байр суурийг илэрхийллээ.

Сонсголын бэрхшээлтэй хүүг миний хүүхэдтэй хамт битгий ирээрэй, нэр чинь ирээгүй гэсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрийг үнэлгээнд оруулалгүйгээр шууд хасаж Хүүхдийн эрхийг зөрчиж байна. Энэ нь ялгаварлан гадуурхалт мөн биз. Яагаад ийм хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргадаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүн биш үү. Ингэхлээр багш нар чинь сургахгүй эдгээр хүүхдүүдийг хаячихсан. Үнэлгээнд нь орж, өөрийнх нь оноог доош татах гээд байгаа бол ядаж хичээл сургах оролдлого хийнэ биз. Жил бүр хүүхдийн минь нэрийг хасдаг. Миний хүү спортоор хичээллээд өөрийнхөө хэмжээнд амжилт гаргасан. Гэтэл бусад хичээл биш юм гэхэд ядаж биеийн тамирын хичээлийн сорилтыг яагаад өгч чадахгүй гэж. Өнгөрсөн жил бараг ангиараа шахуу биеийн тамирын хичээл дээр сонгогдсон. Гэвч Аутизмтай болон Сонсголын бэрхшээлтэй хүүг миний хүүхэдтэй хамт битгий ирээрэй, нэр чинь ирээгүй гэж хэлсэн.  Энэ жил мөн адил бүх сурагчид хичээлүүдэд сонгогдож хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэд сонгогдоогүй. Энэ улсаас явчихмаар санагдтал гадуурхах юм. Систем дээрээ багш нар хүүхдүүдээ бөглөдөг асуумж бий.

Багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ ажилладаггүй. Манай хүү маш их хоцрогдолтой өдөржин зүгээр сууж байгаад ирдэг. Гэтэл тэд бусадтай адилхан хүүхэд. Дутуугийн мэдрэмжийг боловсролын байгууллага нь өгч байна. Хөгжлийн бэрхшээлтэй гээд бөглөчихвөл шалгалтанд оруулахгүй шууд хасдаг гэсэн” хэмээв

Тэгвэл эцэг эхчүүд энэ асуудлыг “удаа дараа давтагдаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд  хөгжсөн эсэх нь  хамаагүй юу. Ил тод шударга ажиллаж байгаа нь энэ юм уу сайдаа” гэлээ.

Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт монголын боловсролын чанарыг муутгадаг үйл ажиллагаа биш, харин үйл ажиллагааг нь сайжрахад тусалдаг үйл ажиллагаа баймаар. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээ гэх нэрийн ард сургуулийн, сурагчийн, багшийн алдаа дутагдал засрашгүйгээр нуугдаж байх шиг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн үнэлгээний санал асуулга хүртэл бодитой бус гэдгийг нэгэн үед олон нийт шүүмжилж байсан. Энэ байдал одоо ч хэвээр. Багш нар эцэг эхчүүдээс та нар маань сайн гээд үнэлээд өгөөрэй хэмээн хэлдэг гэх.

Тэгвэл гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын ард нуугдаж буй бас нэгэн үнэн нь хөгжлийн бэрхшээлтэй болон тааруу сурлагатай сурагчийг журналын нэрсээс хасдаг асуудал сэтгэл эмзэглүүлэв. Энэ талаар сурагчдын төлөөлөл хэлэхдээ…. Би…. Сургуулийн 8-р анийн сурагч. Манай ангид хэл ярианы бэрхшээлтэй нэг хүүхэд бий. Багш түүний нэр гүйцэтгэлийн үнэлгээнд сонгогдсон гэхдээ ирээд хэрэггүй гэсэн” хэмээн ярилаа.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11,000 орчим хүүхэд бий гэдэг. Тэднийг энгийн сургуульд сургаснаар хөгжлөөс хоцрохгүй байх, чанартай боловсрол эзэмших гэсэн тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд бага ч болов ахиц гарч буй юм. Гэтэл дунд шатандаа тэдэнд ирж буй дарамтын нэг нь гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад оруулахгүй гадуурхах үзэгдэл аж.Бид энгийн сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад оруулахгүй байх зорилгоор нэрийг нь хасдаг гэх асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Цэрэнцоодолоос тодрууллаа.

Э.Цэрэнцоодол: Хүүхдийг гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад оролцох эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлавал багш болон сургууль, цэцэрлэгт арга хэмжээ авна

“Энгийн сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад оруулахгүй байж болохгүй. Тухайн хүүхдийн нэр гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад сонгогдсон ч оруулахгүй байвал нотлох баримтын хамт гомдол гаргаж болно. Хүүхдийг сурлага тааруу болон бусдаас ялгаатай байдлаар ялгаварлан гадуурхаж хүчээр гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад оруулахгүй байгаа нь  сургууль дээр гарч буй гажуудал. Үндсэндээ сургуулийн үнэлгээг тааруу гаргачихна гэж гүйцэтгэлийн үнэлгээнд оруулахгүй байх асуудал бий. Одоогоор гүйцэтгэлийн үнэлгээний шалгалттай холбоотой энэ төрлийн гомдол ирээгүй. Харин “хүүхдээ гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад оруулмаар байна” гэх гомдлыг эцэг, эх асран хамгаалагчид хэлдэг. Өнгөрсөн жил энэ төрлийн 3 гомдлыг бид хүлээн авсан. Хэрэв хүүхдийг гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад оролцох эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлавал багш болон сургууль, цэцэрлэгт арга хэмжээ авна” гэсэн юм.

Харин хяналт тавих ёстой Боловсролын Ерөнхий газрын дарга Х.Тамираас энэ талаар тодруулахад “Боловсролын үнэлгээний төв мэднэ. Бидэнд чиг үүргийн хүрээнд энэ асуудал хамаарахгүй” гэх зүйлийг хэллээ.

0/1000