Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас сэргээш илэрснээр цолыг нь хураасан. Үүнийг тэр эсэргүүцэн, спортын арбитрын шүүхэд хандсан юм. Тус арбитр түүнийг гомдлыг хэлэлцээд, шинжилгээ авах үйл явц олон улсын стандартаас илт гажсан гэж үзэн, шинжилгээний хариуг хүчингүй болгоод байна.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар:
-Энэ бол давж заалдах комиссын шийдвэр. Үүнийг давж маргах бололцоо бий. Ер нь бид албан ёсны шийдвэрийг нь үзье гэж байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийг харвал сорьц цуглуулах, шинжлүүлэх МОНАДА-гийн үйлдлийг буруутгасан юм байна гэж ойлгосон. МОНАДА-гийн ямар үйлдлийг буруутгасныг давж заалдах комиссоос нь албан ёсоор тодруулах хэрэгтэй.
2-рт, МОНАДА-гийн хүмүүстэй бас уулзах хэрэгтэй. Яагаад шаардлагатай баримтуудыг нь гаргаж өгөөгүй юм. Бүх юм нь байж байгаа ш дээ. АТГ, цагдаагийн байгууллагын төлөөлөл ороод, сорьц шинжилгээ авахад нь камераар бичлэг хийдэг. Гэрчүүд байгаа. Тийм баримт байхад яагаад гаргаж өгөөгүй юм. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ? МОНАДА юу? Давж заалдах комисс уу?
Процессын жижигхэн алдаан дээр дөрөөлж, нэг талыг барьсан шийдвэр гаргачхав уу гэж би албан ёсны шийдвэрийг нь аваагүй учраас, урьдчилсан байдлаар харж байна. Албан ёсны шийдвэр ирсний дараа Үндэсний бөхийн салбар хороо хуралдаж, цаашид яахаа шийдвэрлэнэ.

