Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ Түүний хувьд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулсан юм. Ингэхдээ Засгийн газраас 2 чухал шийдвэрийг гаргасан талаар онцоллоо. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн төсөлд гадаад зээлийн ашиглалтыг нэмэх хуулийн төслийг дахин өргөн барьж байнгын хороогоор хэлэлцэх болсныг тодотголоо. Мөн энэ үеэр шатахууны нөөцийн савтай болох асуудлын талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Г.Дамдинням “Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас арилжааны банкууд болон нефть импортлогч компаниудтай хамтран энэ жил 150 мянган тонн нефть буюу 21 хоногийн нөөц хадгалах савыг ашиглалтад оруулна. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн зээлийн бодлогоор дэмжинэ. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтот тусгагдсан 3-6 сарын хугацаанд хэрэглэх шатахууны нөөц хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж 2028 онд дуусгахаар зорьж ажиллаж байна. ОХУ-аас вагоноо нэхдэг ч бид шатахууны нөөцийн савгүйгээс өртөөнүүд дээр вагонууд нь агуулах байдлаар зогсдог. Шатахууны нөөцийн савны асуудлыг шийдсэнээр энэ нөхцөл байдал үгүй болно” хэмээв.

