“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани “Шижир-Алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Баттөмөрийг шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа. Түүний үндэслэлгүй хөрөнгөжих замаар олж авсан 200 ам метр талбайтай орон сууц, зоорийн В давхрын авто зогсоолуудыг улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэсэн байна.
О.Баттөмөр 2017 оны 5 дугаар сарын 1-нэс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд “Шижир-Алт” ХХК-д ажиллах хугацаандаа 2019 оны 3 дугаар сарын 7- ны өдөр 800 сая төгрөгөөр … дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Р… ” рашааны гудамжны … дугаар байрны …тоот 200 ам метр талбайтай орон сууц, зоорийн В давхрын авто зогсоолуудыг “В…” ХХК-иас худалдан авчээ. Уг үл хөдлөхүүдийнхээ гэрчилгээг төрсөн ээж Б.Т-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна.
АТГ түүнийг шалгахад, хөрөнгө орлогоо гэнэт их хэмжээгээр нэмэгдсэний учрыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй аж. Тиймээс түүнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

