Лицензтэй, жижиг болон дунд олборлогчдоор олон улсын хариуцлагатай олборлолтын стандартуудыг хангуулах, албан ёсны экспортын зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк, Швейцарын хариуцлагатай алтны холбоо буюу “Swiss Better Gold” (SBG) хамтран ажиллаж эхэллээ. Энэ ажлын хүрээнд 2026 оны 5-р сарын 4–8-нд SBG, Монголбанкны хамтарсан баг Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах лицензтэй алтны уурхайнуудад ажиллажээ.
Монгол Улсын алт олборлогчдыг алтаа Швейцар Улс руу гаргах, хариуцлагатай, гарал үүсэлтэй алтны нийлүүлэлтийн сүлжээг төлөвшүүлэх зорилгоор “Swiss Better Gold” хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой олборлогчидтой уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг өгсөн байна.
Монголбанк, Швейцарын хариуцлагатай алтны холбоо хамтран хэрэгжүүлж буй уг төслийн бодит үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Алтны 5 уурхайтай хамтран ажиллаж, хөтөлбөрийн 2-р үе шатны шалгуурыг хангуулан, магадлан итгэмжлэл олгохоор ажиллаж байна. Магадлан итгэмжлэл авснаар тухайн уурхай Монголбанкаар дамжуулан, Швейцар луу алтаа гаргаж, тушаасан алтныхаа грамм тутамдаа урамшуулал авах боломжтой. Үүгээр Монголын бичил, жижиг, дунд олборлогчдыг Олон улсын хариуцлагатай худалдан авалтын тогтолцоонд нэгтгэх чухал ажээ.

