horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрүүл мэндийн даатгалын санг ингэж завшдаг байж шүү

post-img

Эмнэлэгт хурууны хээ уншуулахад нь “Намайг энэ эмчид үзүүлснийг баталгаажуулж байна” гэж ойлгодог байв. Гэтэл хуруу уншигч нь намайг таньдаггүй байжээ. Тэр уншигч төхөөрөмжийг ДАН системд холбоогүй байжээ. Үүнийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар илрүүлсэн байна. Тэр энэ тухай “Эмнэлэг, эмч нар үзээгүй, үйлчлүүлээгүй хүнийг үзсэн мэт бичээд байсан байхыг үгүйсгэхгүй. Хүний регистр бичээд, эмч өөрийнхөө хурууг уншуулах ч боломжтой” гэж мэдэгдэв. Энэ бол маш ноцтой мэдээлэл.

Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) иргэдэд хамгийн хэрэгтэй сан. Гэвч ажил хийдэг, авсан цалингаасаа ЭМД төлдөг хүмүүс түүнийхээ үр ашгийг тэр бүр хүртэж чаддаггүй. Харин ажилгүй хүмүүс, малчид шимтгэл төлж шальдагггүй атлаа ЭМДС-гаас асар их мөнгө гаргуулдаг. Үнэн, худлыг бүү мэд. ЭМДЕГ-ын мэдээлэл тийм л байдаг. Статистикаа худлаа гаргаагүй л байх. Харин тийм тоо гаргах ажлыг  хуурамчаар хийсэн байх магадлалтай гэдэг нь Э.Батшугар сайдын мэдээллээс тодорхой боллоо.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө төлдөг малчин, оюутан, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй  иргэд ЭМДС-д хэдийг төлөөд, хэдийг авсныг харцгаая.

Төлсөн шимтгэл, зарцуулсан мөнгө: (ЭМДЕГ-ын мэдээллээр, 2026.05.13-ны байдлаар)

  • 5119 малчин нийт 81 сая төгрөгийн шимтгэл төлжээ. Тэдний 3492 нь эмнэлгээс 11 төрлийн тусламж, үйлчилгээ авч, 594 сая төгрөгийг ЭМДС-гаар төлүүлсэн байв.
  • 17,716 оюутан 280.6 сая төгрөгийн шимтгэл ЭМДС-д төлж, 16,302 оюутан эмнэлгээр үйлчлүүлэн, ЭМДС-гаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.
  • Гадаадын иргэн, ажилгүй хүн нийлсэн нийт 61 иргэн 1.9 сая төгрөгийн шимтгэл төлжээ. Тэдний 41 нь 7 төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМДС-гаас 7 сая төгрөг гаргуулжээ.
  • Хувиараа хөдөлмөр эрхэлдэг 55.628 иргэн нийт 881.1 сая төгрөгийн шимтгэл төлснөөс 49.526 нь эмнэлэгт хандаж, нийт 7.2 тэрбум төгрөг ЭМДС-гаас авчээ.

ЭМДС-д 1 хүн хэдэн төгрөгийн шимтгэл төлснийг харъя.

  • Малчин 18.824 төгрөг
  • Оюутан 18.824 төгрөг
  • Гадаадын иргэн, ажилгүй хүн 31.148 төгрөг
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч 15.839

ЭМДС-гаас 1 хүн хэдэн төгрөг авсныг харъя.

  • Малчин 170.103 төгрөг
  • Оюутан 116.550 төгрөг,
  • Гадаадын иргэн, ажилгүй хүн 170.731
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч 145.378

Орлого олдог атлаа орлогогүй оюутнуудтай адил хамгийн бага шимтгэл төлдөг малчид буцаагаад хамгийн их мөнгө авдаг гэж шууд харагдаж байна. Гэхдээ шууд ингэж хэлэх боломжгүйг Эрүүл мэндийн сайдын үг сануулна. Малчдын нэр, регистрийг программдаа шивж оруулаад, ЭМДС-гаас эмнэлэгтээ хий мөнгө авдаг ч байж мэдэх нь.

  • 2023 онд ЭМДС-д 1 их наяд 608 тэрбум 715 сая төгрөг цугларсан бол 1 их наяд 841 тэрбум 118 саяыг зарцуулсан байв. Зарлага нь төсвөөсөө хэтэрсэн байгаа биз.
  • 1 их наяд 964 тэрбум 757 сая 300 мянга. Энэ олон оронтой тоо бол ЭМДС-гийн 2024 оны төсөв. Гэтэл тэр жил байгаагаасаа ихийг буюу 2 их наяд 151 тэрбум 566 сая 400 мянгыг зарцуулжээ.
  • 2025 онд тус сангийн төсвийг 2 их наяд 515 тэрбум 575 сая 800 мянган төгрөгөөр баталсан.

Ийм байдлаар ЭМДС-гийн мөнгө жил бүр хүрэлцдэггүй. Оны сүүлч дөхөөд ирэхээр эмнэлгүүд ЭМДС-гийн мөнгө дууссан гээд хүн оношлох, шинжилгээ хийх, хэвтүүлэн эмчлэхээс татгалзан, гаднаас эм, тариа авчруулж эхэлдэг. Ийм байдлаар орлогоосоо зарлага нь ямагт давсаар, ЭМДС-д үүссэн 316.8 тэрбум төгрөгийн өрийг өнгөрсөн жил улсын төсвөөс барагдуулсан. Хамгийн сүүлд эл сан 2024 оны сүүлчээр хоосорч, эмнэлгээр үйлчлүүлэгчдийг сандаргасан. ХСҮТ-ийн үйл ажиллагаа 2024 оны 4-р сараас доголдож, хими эмчилгээ тасран, 8 тэрбум төгрөгийн алдагдалд орж, 20 тэрбум төгрөгийн өрөнд унасан тухай захирал нь ярьж байлаа. Магадгүй энэ санг ингэж хоосолдог хүмүүс нь эмнэлгүүд өөрсдөө байж мэдэх нь.

ЭМДС бол Засгийн Газрын тусгай сангуудын нэг. Нийгмийн даатгалын сангууд дотроо цугладаг, зарцуулдаг мөнгөний хэмжээгээрээ Тэтгэврийн сангийн дараа ордог, 2 дахь том сан. ЖДҮ, ХАА-г хөгжүүлэх, Боловсролын зээлийн гэх мэт ЗГ-ын сангуудыг хоосолдог “жишиг” энэ санд ч халджээ дээ, янз.

0/1000