Махны үнийн өсөлтийг төр ямар бодлогоор зохицуулах боломж байгаа талаар Эдийн засагч Б. Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
–Танд өдрийн мэнд. Махны үнийг хэрхэн тогтворжуулах вэ гэдэгт олон хүмүүс санаа зовж байна. Махны үнийн өсөлтөд юу голлон нөлөөлсөн бол?
-Махны үнэ цагаан сарын дараа өсдөг. Энэ жил өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн байна. Үүнд, түлш, шатахууны үнэ өссөн мөн нийлүүлэлт бага буюу эрэлтээ хангаж чадахгүй байгаа юм. Махны үнэ өсөж байгаа нь махны нөөц, нийлүүлэлтийг хийдэг нэмүү өртгийн сүлжээ зөв ажиллахгүй байгаагийн шинж. Мөн махаа бэлддэг уламжлалт технологи нь өнөөдрийн зах зээлийн эрэлттэй нийцэхгүй байна.
–Тэгвэл махны үнийг тогтворжуулахад ямар арга байна вэ. Төрөөс махны үнийг бодлогоор зохицуулж чадахгүйгээс цааш төр үнэ барих бодлогод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Энэ үед төр яаж ажиллавал оновчтой бол?
-Засгийн газар оролцохгүй бол махны үйлдвэрлэл эрхлэгчид, малчид өөрсдөө махаа зарах сонирхол нь өдөөгдөнө. Гэвч засгийн газраас нөөцийн мах гаргаснаар нийлүүлэлтээ хангаж чадахгүй байна. Бид олон жил нөөцийн махны худалдааг гаргалаа. Одоо болиод нөөцийн махаа бэлдэхгүй гэдгээ зарлачих. Ингэснээр компаниуд дараа жилийн борлуулалтад анхаарч, махаа бэлдэнэ. Компаниуд хавар мал хямд үед аваад зунжин маллаад амьдын жинг нь өсгөөд мах бэлтгэдэг технологид шилжиж байна. Өөрөөр хэлбэл өөр өөрсдөө боломж үүсгэж, технологио өөрчилж байгаагийн шинж. Цаашлаад махны үйлдвэрлэл эрхлэгчдийг өвөл биш тогтмол мах бэлдэх эргэлтийн хөрөнгийн боломжийг нээх шаардлага бий. Мөн бид өвөл нь махаа бэлдэж хавар зардаг. Харин бусад оронд тогтмол мах бэлтгэдэг. Тэгэхээр улирлын чанарын нөлөөлөл байдаггүй. Тиймээс махны салбарт нэмүү өртгийн технологийг өөрчлөх хэрэгтэй. Мөн зах зээл дээр Засгийн газар бүх салбарт оролцохоо больсноор худалдан авагчид, иргэд зах зээлийн дохиог зөв хүлээн авна. Хүмүүс зарим нь намар махаа нөөцөлдөг учраас хавар махны үнийн өсөлтийг мэдрэхгүй байгаа юм. Энэ нь зах зээлийн дохиог зөв хүлээн авч байгаагийн шинж. Гэтэл зарим нөөцийн мах гарна гээд хүлээгээд зах зээлийн өндөр эрсдэл үүссэн үед сорилтод орчихож байгаа юм. Зах зээлийн дохиогоороо зөв явбал иргэд ч өрхийн төсвөө зөв хуваарилж чадна.
-Махны үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн боломжийг нээх ёстой гэж байна. Хөнгөлөлттэй зээл олго гэж үү?
-Үгүй. Бид олон жил хөнгөлөлттэй зээлийг туршиж үзсэн. Зах зээлд хэзээ ч эерэг үр дүн гараагүй. Тиймээс махны үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчдийн боломжийг нэмэгдүүлж банкны зах зээлтэй хэлцэл хийх, мөн татвараар зохицуулах боломж бий.
-Одоо цаашид төр махны үнийг тогтворжуулахад оролцохгүй, зохицуулалт хийхгүй бол ямар үр дагавар гарах бол?
-Эхний 1-2 жилд махны үнэ өссөн хэвээр байх болов уу. Гэхдээ нийлүүлэгч тал болон малчид нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэх дохиог хүлээн авна. Ингэснээр улирлын чанартай өөрчлөлтүүд арилна.
-Махны үнэ өсөхөд экспорт нөлөөлсөн гэх юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Экспортод гаргаж байгаа мах үнийн хувьд хямд гэж ярьж байгаа. Экспорт нөлөөлсөн гэхэд хэцүү. Бид өндөр өртгөөр экспортолж байж махны үйлдвэрүүд орлоготой, технологи үйлдвэрлэлээ шинэчлэх боломжууд үүснэ.

