Б.Сүхтулга нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийн “Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараах зүйлийг хориглоно”, 6.7.14-т заасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно” гэснийг зөрчиж, ЕБС-аас 212 метр зайд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ хэрэгт нь прокурор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” хэргээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өчигдөр уг хэргийг хэлэлцээд Б.Сүхтулгыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил зорчих эрх хязгаарлах ял оноолоо.

