Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

25.000-аар ном бариад очвол “Кг мах авчрахгүй яасан юм бэ” гэж эхнэр загнана. Энэ бол 5-р сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд болсон 39 дэх удаагийн номын баяраар номын асар тойрон, нүдээ хужирлаж, хорхойгоо дарж явсан нэгэн залуугийн үг. Айл гэрийн өрхийн тэргүүн, үр хүүхдийнхээ эцэг тэнгэр гэгддэг эрчүүд нүд унагасан ганц номоо худалдаад авчхаж чадахгүй, зүгээр л харж, хорхойгоо дарж явна. Юутай гуниг! Ном уншиж өссөн бидний үеийнхэн чааваас одоо ном худалдан авч чадахгүй, номын асар тойрч, шүлсээ залгиж явдаг болж дээ.

Гэтэл 1 кг мах зах дээр дунджаар 30.000 төгрөг, ном 25.000 төгрөг байна. Ард түмнийг ийм болгосон, одоо ийм байлгаж байгаа улстөрчид тэгтэл номын баяр дээр ганц ганцаараа 940.000 төгрөгийн үнэтэй асар эзэгнэж, зохиолч, сэтгүүлчидтэй өрсөлдөн, номоо зарлаа.

Араар нь улстөрчдийг газар доор ортол муулж, элдвээр хэлдэг монголчууд ном авахаар төлөвлөж ирсэн хэдэн төгрөгөө улстөрчдийн халаасанд хийгээд, зургаа хамт авахуулж, гарын үсгийг нь зуруулж, фэйсбүүк, инстаграмаа Ерөнхий сайд асан, Боловсролын сайд, УИХ-ын гишүүн тэргүүтэнтэй хамт авахуулсан зургаараа гоёв. Ном авах гээд чадахгүй, мах бодож яваа хүмүүсийн хэн нь ч тэрхүү улстөрчдөд асуудлаа хэлсэнгүй. Ямар ажил хийж, юу шийдүүлснийг нь асуусангүй.

1 кг мах зах дээр дунджаар 30.000 төгрөг, ном 25.000 төгрөг

Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа л татвар төлөгдчийн мөнгө, улсын төсөв идсэн уусан гэх асуудалд холбогдож, АТГ-аар шалгуулж, аавынд хүртэл морилж явсан улстөрчид өндөр сэнтийгээсээ буусан ч ард түмний хоолыг булаацалдсаар байдаг ажээ. Түмний хоолыг булаах сэтгэл тэдэнд төрчихсөн байдаг бололтой юм. Сурсан зангаа тавьж чадахгүй, сураар боогоод ч дийлэхгүй нь тодорхой болохоороо ингэж явдаг биз, чааваас.

Уншъя гэвч ном авах мөнгөгүй ийм хорхойтнуудын эсрэг дүр бас зөндөө. Ном уншдаг царай гаргах гэж ядсан залуус лаив хийх, фэйст оруулах постны зураг авахуулахаар л энд зорьж ирсэн байлаа. Гар утас, покетыг нь барьж явдаг тусгай зурагчинтай нөхөд ч байх юм. Хөөрхөн царай, гоолиг бие, ганган хувцас, этгээд стил, хөөсөн булчингаа харуулж, энд тэндээсээ элдэв поозтой зураг авч, бичлэг хийсээр талбайг хэд тойроод, алга болцгоов. Дагагч нар нь тэднийгээ ном уншдаг гэж эндүүрдэг юм байлгүй дээ.

Номын баяр бол уншигч, зохиолч хоёрыг уулзуулах үйл ажиллагаа байх учиртай. Гэвч тэр зорилго нь аль хэдийнэ алдагджээ. Зохион байгуулдаг хүмүүс нь ч асрынхаа үнийг төлж л байвал, аль түрүүлж мөнгөө өгсөнд нь шууд л номын баярыг худалдчихдаг юм байна. Ийм байдлаар төв талбайг улстөрчид, номын дэлгүүр, хуучин номын наймаачдаар дүүргэчхэж. Жилийн бүх өдөр ном зардаг дэлгүүр, наймаачид номын баярт оролцох нь, оролцуулах нь үнэндээ утгагүй. Байнга үйл ажиллагаа явуулдаг дэлгүүртэй, лангуутай, мунхлагтай худалдаачдын номыг номын баяр дээр ирэн, авч байгаа хүмүүс ч хачин. Тэндээс ном авмаар байвал дэлгүүрт нь оч л доо. Байнга л нээлттэй байгаа шүү дээ.

Номын дэлгүүрүүд голдуу гадаадын зохиолчдын ном зардаг. Бүгд хэвлэх үйлдвэртэй. Маш олон ширхгээр хямдхан хэвлээд, зардаг. Тэдэнтэй зохиолч, зохиогч нар өрсөлдөх боломжгүй. Тэднээр номоо хэвлүүлж байгаа юм чинь. Зохиолч нар үнэндээ хэвлэх үйлдвэрүүдийг л хөлжүүлж байна.

Ард түмнийг ийм болгосон, одоо ийм байлгаж байгаа улстөрчид номын баяр дээр ганц ганцаараа 940.000 төгрөгийн үнэтэй асар эзэгнэж, зохиолч, сэтгүүлчидтэй өрсөлдөн, номоо зарлаа

Номыг нь хэвлэж нэг ашиг олно. Баярыг нь булааж, зохиолч нартай өрсөлдөн, дахиж ашиг олно. Дараа нь зохиолч нарыг номыг дарж ахиж ашиг олно. Номын баяр үнэндээ хэвлэлийн компаниуд, улстөрчдийн л баяр болно. Зохиолч, уншигчийнх биш.

Номын баяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг гэх нэртэй. Нэрэн дээрээ л ийм болохоос нидэр дээрээ Ерөнхийлөгч энэ баярыг ивээсэн юм ер алга. Би лав 3 өдөр энэ баярт 5 ном зарж оролцохдоо тийм ивээл мэдрэх нь байтугай баярын нээлт хийсэн эсэхийг ч мэдсэнгүй. Хөөрхий зохиолч, сэтгүүлч нар өөр өөрийн асартаа, найз нөхдөөрөө нийлээд, баяраа тэрүүхэндээ нээв.

Номын худалдааг татвараас чөлөөлж өгөх болов уу гэж зохиолч нар 39 баярын турш нүдээ ширгэтэл хүлээж байгаагаа ярьж байлаа. Гэвч өнөө л улстөрчид тийм шийдвэр гаргуулалгүй, тээг тавьчихсан. Ард нь бас л нэг улстөрч, сайдын эрх ашиг нуугдаж байсан учраас. Номын баяраа улстөрчдөөс, хэвлэх үйлдвэрүүдээс, номын дэлгүүрүүдээс чөлөөлж авахыг зохиолч, сэтгүүлч нар хүсэж явааг дуулгая. “Ерөнхийлөгчийн ивээл дор” гэдэг хэрэггүй ивээлгүй ивээлээ ч мэдээнээс авч хаявал таарна.

- Шинэ
- Хандалттай