Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр нийслэлийн ИТХ-д танилцуулж, нийслэлийн засаг даргын тамгыг нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад шилжүүллээ.
Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг 7 хоногийн өмнө буюу 5-р сарын 11-нд Х.Нямбаатар нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон. Гэвч түүнийг 5 хоногийн дараа буюу 5-р сарын 15-ны баасан гарагт уг албан тушаалаас чөлөөлж, оронд нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг засаг даргын I орлогчоор томилжээ. Ийн Г.Жаргалсайхан 4 өдөр ажиллаж, уг албан тушаалыг хамгийн богино хугацаанд хашсан хүн боллоо.
Б.Мөнхбат ч нийслэлийн засаг даргын I орлогчоор томилогдмогцоо 1 өдөр ч ажиллаж амжилгүй засаг даргыг орлохоор болж, түүхэнд бичигдэв. Х.Нямбаатар, Б.Мөнхбат хоёр одоо ажлаа хүлээлцэж байна.

