Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Нийслэлийн МАН-ын хороо бол МАН доторх хамгийн хүчтэй, нөлөөтэй салбар. Энэ хорооны дарга болно гэдэг Монголд нэлээд нөлөөтэй хүн болно гэсэн үг. Хотын хуучин дарга С.Амарсайханы бүлэг нийслэлийн МАН-д байгаа ч бараг нөлөөгөө алдсан. Д.Амарбаясгалангийн хүмүүс ч амаа хамхиж, араа харж алхах болжээ. Д.Сумъяабазарын фракц ч ялгаагүй. Х.Нямбаатарын бүлэглэл одоо нийслэлийн ИТХ, МАН-ын хороонд хамгийн хүчтэй, бас олуулаа.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албаа чамлаад нийслэлийн засаг дарга болсон Х.Нямбаатар 2023.10.04-нд Д.Сумъяабазарыг огцруулаад, өөрийнх нь гараар өргөдлийг нь бичүүлээд, орыг нь авч байлаа. Д.Сумъяабазарыг дарамталж, уг албан тушаалыг түүнд авч өгсөн хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэр түүх яг өөрт нь давтагдав. Ерөнхий сайд Н.Учрал түүнээс ажлыг нь авлаа. Өөрийнхөө хүнд өгөх нь тодорхой.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нарын албан тушаалын тэмцлийг Ерөнхийлөгч намжааж, Ерөнхий сайд цэг тавив. Х.Нямбаатар эцсээ хүртэл тэмцсэн ч барсангүй.

Х.Нямбаатарын оронд тавих хүнгүй, хэнийг тавихаа шийдээгүй байгааг нь харууллаа

Одоо Н.Учралын хүн нийслэлийг удирдана. Гэвч үүнд амаргүй байж мэднэ. Учир нь нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 40 нь МАН, 5 нь АН-ынх. Ардын намыг орон нутгийн сонгуулиар нийслэлд удирдан орж, 40 суудалтай болгосон гавьяа Х.Нямбаатарынх. Тэр ч утгаараа тэрхүү 40 хүний 16 нь түүний хүмүүс. Д.Сумъяабазарын гэх 16 хүн уг нь бий ч өнгөрсөн хугацаанд тэд Х.Нямбаатарт тал засаж ирсэн. Ингээд Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-д 32 төлөөлөгчтэй болж, том дуугарч ирсэн юм даг. Тиймдээ ч тэр өнгөрсөн 2 жилд сөрөг хүчингүй, сөрөх хүнгүй явж ирсэн ч саяхнаас гэнэт өрсөлдөгчтэй болж, өвдөг шороодлоо. Нийслэлийн ИТХ-ын 34 төлөөлөгчөөр гарын үсэг зуруулан, А.Баярыг огцруулах бичиг өргөн бариулж, санасандаа хүрсэн. Энэ бол НИТХ дахь МАН-ын 40 төлөөлөгчийн 34 нь түүний талынх гэдгийг харуулсан үйл явдал байв.

Боломж гарсан дээр нь Х.Нямбаатарыг огцруулахдаа Н.Учрал оронд нь хэнийг тавихаа яг таг шийдээгүй байжээ. Юутай ч эхлээд Т.Даваадалайг явуулсан. Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хоёрдугаар тойрог зам төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ түүнд Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүний оронд Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг тавьсан. Тавиулсан хүн нь Н.Учрал гэдгийг Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдэгдсэн. Гэтэл яагаад ч юм бэ, нийгмийн салбар хариуцсан I орлогчоор томилсон Г.Жаргалсайханыгаа 4 хоногийн дараа буцаагаад, чөлөөлчхөв. Түүнийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга асан Б.Мөнхбатаар сольмогцоо ганц өдөр ч ажиллаж амжаагүй байхад нь нийслэлийн засаг даргын тамгыг хариуцуулав.

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат:

2000-2004 он Нийслэлийн 23 дугаар сургуульд багш

2004-2011 он Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга

2011-2013 он Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга

2013 он Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга

2013-2016 он Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч

2016-2020 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

2018-2020 он нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга

2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

Хэдхэн хоногт эргэж буцсан Н.Учралын эдгээр томилгоо Х.Нямбаатарын оронд тавих хүнгүй, хэнийг тавихаа шийдээгүй байгааг нь харууллаа. 40 төлөөлөгчийн 34 нь Х.Нямбаатарынх учир Н.Учрал 6 хүнээс сонголт хийхээс өөр аргагүй. Гэтэл нийслэлийн ИТХ-ыг тэнд суугаа төлөөлөгчөөр удирдуулах ёстой байдаг.

- Шинэ
- Хандалттай