“Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг 5 дугаар сарын 18-нд манай улсад ирлээ. 6 дугаар сарын 4-ний өдрийг дуустал уг галт тэрэг манай улсын төмөр замын дагуух өртөөгөөр явж, зөрлөгийн төмөр замчид, нийслэл, аймаг орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Энэхүү хүмүүнлэгийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг болон ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэ нь УБТЗ-ын хэрэгжүүлж байгаа “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг хэсэг юм байна.

Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд мэргэжлийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалттай 14 вагоноос бүрддэг энэхүү хөдөлгөөнт эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоногложээ.
Тус эмнэлгийн эмч, ажилтнууд дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийхээс гадна өндөр нарийвчлалтай ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентген оношилгоо хийж, түргэвчилсэн лабораториор шинжилгээ авна.
ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ХУВААРЬ:
Эмч нарын үзлэг, оношилгоо дараах өртөөдөд доорх өдрүүдийн 08:00-18:00 цагийн хооронд явагдана:
Замын-Үүд-1 өртөөнд 5 дугаар сарын 19, 20-нд;
Сайншанд өртөөнд 5 дугаар сарын 21, 22-нд;
Чойр өртөөнд 5 дугаар сарын 24, 25-нд;
Улаанбаатар-1 өртөөнд 5 дугаар сарын 26, 27, 28-нд;
Зүүнхараа өртөөнд 5 дугаар сарын 30, 31-нд;
Дархан-1 өртөөнд 6 дугаар сарын 1, 2-нд;
Сүхбаатар өртөөнд 6 дугаар сарын 3, 4-нд.
/Үзлэг, оношилгоо хийлгэх хүмүүс Төмөр замын төв эмнэлгийн харьяа тухайн өртөөний эмч нарт бүртгүүлж үзлэгийн цаг авна./

