ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Хоёр удирдагч уулзалтаа эхлүүлэхээр Ардын их хурлын танхимд орж ирэхээсээ өмнө талбай руу харж зогсохдоо хоорондоо огт ярилцаагүй бөгөөд Ши Жиньпин угтан авах ёслолын үеэр бусад удирдагчидтай хийдэг уулзалт шигээ л байсан хэмээн Хятадын төв хэвлэлүүд мэдээлж байна.
Оросын ерөнхийлөгч В.Путин Ши Жиньпинийг төлөөлөгчдийнхөө гишүүдэд танилцуулахаасаа өмнө Хятадын хүндэт төлөөлөгчидтэй мэндчилжээ. Уулзалтын үеэр Орос улс Хятад руу чиглэсэн “Сибирийн хүч 2” хоолойн талаар түлхүү ярилцах юм байна. “Сибирийн хүч 2” хоолой 2600 км урттай бөгөөд Ямалын Арктикийн хийн ордуудаас Монголоор дамжин Хятад руу жилд 50 тэрбум метр куб хий дамжуулах төлөвлөгөөтэй аж. Уг төсөл үнийн тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас түр зогссон байсан юм.

