horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

9 хоногийн өмнө хүүхэд унаж, амиа алдсан цооногийг одоо л аюулгүй болгох гэж байна

post-img

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ургахнар 1 дүгээр багт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн урдах цооногт тогтсон усанд 5-р сарын 12-нд 15 настай хүүхэд унаж, амиа алджээ. Энэ ослын дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар 10:55 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, хүүгийн цогцсыг тогтоол уснаас гаргаж авч, шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Хүү тэрхүү цооногийн 3 метр зайд, 3.5 метрийн гүнд живсэн байсан аж. Уг усан цооног 25 метр урт, 20 метр өргөн, 5-6 метр гүн. Станцын үнс хадгалах сангийн зориулалттай байгууламж байжээ.

Талийгаач хүүгийн ар гэрийнхэн сэтгүүлчид мэдээлэхдээ “Хүү минь 08:00 цагт хичээлдээ очоод, 10:20 цагт завсарласан байна лээ. Тэгээд нөгөө ангид сурдаг, найзтайгаа сургуулиасаа урагш 500 метр орчим гүйсэн. Тэнд нь цэвэр, бохир усны гэмээр шугам хоолой, далан, цооног байдаг. Ямар ч хашаа хороо, камер, “Орж болохгүй” гэсэн тэмдэг байхгүй. Хүү минь найзтайгаа тэнд гүйгээд очиход цооногт нь нохойн гөлөг живэх гээд тарчилж байсан юм шиг байна лээ. Тэрийг аврахын тулд өмд, гутлаа тайлж, утсаа хажууд нь тавиад, цооног руу орсон байгаа юм. Магадгүй сургуулийнх нь тэндээс гөлөгний гасалж байгаа нь сонсогдсон байх. Найз нь үлдээд, хүү минь цооног руу орсон ч хөлгүй учраас живчихсэн гэсэн. Хүүг минь гарч ирэхгүй болохоор найз нь хар хурдаараа гүйгээд, аврах ангийнхнаас тусламж гуйсан гэсэн. Аврагчдыг очих үед миний хүү хэдийнэ амьсгал хураачихсан байсан. Хүүгийн минь цогцсыг тэндээс гаргаж, ажиллагаа явуулах гэж нэг цаг орчим болсон гэжээ.

Харин бид “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХХК-ын Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер н.Энхбаяраас 15 настай хүү эндсэн байгууламжийн аюулгүй байдлыг хангасан эсэх талаар тодрууллаа.

Осол болоод 9 хонож, та бүхэн хүүгийн эндсэн гэх байгууламжийн аюулгүй байдлыг хангасан болов уу?

-Бидэнд холбогдох байгууламжаас зөвлөмж ирсэн. Зөвлөмжийн дагуу байгууламжийг аюулгүй болгохоор ажиллаж байна

Холбогдох байгууллагуудаас ямар зөвлөмжүүдийг өгсөн бэ?

 -Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахыг сануулсан. Бид одоогоор зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй.

0/1000