“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зам хаах байршил, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Гүйлтийн маршрут дагуу усны 9, тэжээлийн 5 цэгийг байршууллаа
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд 5 км-т гүйгчдийн тоо өмнөх жилүүдээс эрс өсөж, 23 мянгад хүрсэн. Иймд нийслэлийн Засаг даргын 2026 оны А/693 дугаар захирамжаар тус зайн маршрут болон гарааг өөрчилсөн. 5 км-ийн гараа МУИС-ийн 1 дүгээр байрны урдаас эхэлнэ. Мөн 5 км-ийн зайн ангилалд нэмэлтээр усны цэгийг байгуулсан. “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн маршрутын дагуу бие засах газар 6, усны 9, тэжээлийн 5 цэгийг байршуулсан. “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор энэ жилийн марафоныг зохион байгуулна” гэлээ.

152 хүний бүрэлдэхүүнтэй суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлнэ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Энэ жил марофонд оролцогчид 30 орчим хувиар нэмэгдсэн тул тусламж үйлчилгээний багийг өргөжүүлсэн. Өнгөрсөн жил 15 эмч мэргэжилтэн ажилласан бол энэ жил 31 эмч мэргэжилтэн ажиллана. Нийт 152 хүний бүрэлдэхүүнтэй суурин тав, явуулын таван цэгээр тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмч, мэргэжилтнүүд зохион байгуулагч гэсэн таних тэмдэгтэй байна. Иймд гүйж байхад толгой эргэх, цээж өвдөх, амьсгал давчдах, орон зайн баримжаа алдах шинж тэмдэг илэрвэл заавал тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна.
2025 онд марафонд оролцож буй 534 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс шөрмөс татсан 382 буюу 65 хувь, зүрх судасны асуудал үүссэн 54 буюу 10 хувь, амьсгалын замын эрхтэнд бэрхшээл учирсан дөрвөн хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 12 оролцогчийг эмнэлэгт хүргэсэн.
Марафонд оролцогчид гараанаас хэт хурдтай гүйх, шинэ пүүз өмсөх, өлөн байх, гүйх үедээ хангалттай ус уухгүй байх, эрт кофе уух, барианд оронгуут гэнэт зогсохгүй байхыг хүсье” гэв.

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагт зам хаана
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд зарим байршилд авто замыг хаана. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир өглөө. Тэрбээр “Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдварт, Нарантуул захын уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарлана. Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуй тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00-19:00 цагт хөдөлгөөнд оролцохгүй. Энэ талаар түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн. Мөн иргэд зам хязгаарлах шар бүсчлэлээс тээврийн хэрэгслээ гаргаж байрлуулахыг хүсэж байна” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Марафоны үеэр олон хүн цуглах учраас хэв журмыг сахиулах, хулгайн гэмт хэргээс сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад анхаараарай. Тухайн өдөр мэргэжлийн байгууллага, цагдаа, зохион байгуулагчийн зүгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэх нь зүйтэй” гэв.

Нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно
Нийтийн тээврийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна. Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана. Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна” гэлээ.

Улаанбаатар марафонд 100 шүүгч, сайн дурын 2500 гаруй ажилтан ажиллана
Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл “Энэ жилийн марафонд Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 42 орны 443 гүйгч, тамирчид оролцоно. Энэ жил Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 21, 42 км-ийн замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж “Олон улсын хэмжилтийн “В” ангиллын сертификат” олгосон. Ийнхүү олон улсын хэмжилтийн сертификат олгосон замаар гүйлтийг зохион байгуулж байгаа эсэх талаар Азийн хөнгөн атлетикийн холбооны зам хэмжигч Малайзын иргэн Мурегесу Соосэймани хяналт тавьж ажиллана.
Түүнчлэн ХБНГУ-ын “Берлин марафон”, “Лондон марафон”, “Саппоро марафон” зэрэгт ашигладаг “Race Result Ubidium” брэндийн цаг хэмжих төхөөрөмжийг стандартын дагуу ашиглаж буйг хянахаар ХБНГУ-ын “Race result” компанийн техникийн дэмжлэг, борлуулалтын менежер Рубенс Колечко ажиллах юм. Мөн 100 шүүгч, сайн дурын 2500 гаруй ажилтан ажиллана. МУГТ Б.Сэр-Од урилгаар оролцоно” гэв.

Сүхбаатарын талбайд 120 гаруй асарт үйл ажиллагаа зохион байгуулна
“Hipay” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ “Гараа, барианы зурвас, 21 км замын туннел өнгөрөөд, Амгалангийн тойргийн буцаж эргэх цэг, Гадаад харилцааны яам зэрэг нийт зургаан байршилд гүйгчийн хурд хэмжих чип байрлуулсан. Харин гүйгчийн чипийг энгэрийн дугаарын ард наасан. Наасан байрлалаас чипийг өөрчлөхгүй. Hipay аппликейшнээс гүйгч туулсан зам, цагийн мэдээлэл зэргийг авч болно. Сүхбаатарын талбайд 120 гаруй асарт үйл ажиллагаа зохион байгуулна. 60 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, 20 гаруй хоолны газар иргэдэд үйлчилнэ. Урлаг, спортын тоглолт 12:00-17:00 цагт зохион байгуулагдана. Таеквондогийн дэлхийн шилдэг 5-д багтах хамтлаг үзүүлбэр үзүүлнэ. Гар дээр сунайх, дээс, олс руу авирах зэрэг тэмцээнд иргэд оролцох боломжтой. Хөгжмийн арга хэмжээ гурван газарт болно” гэлээ.

