horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Батжаргал: Засвар хийх төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа

post-img

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалаас тус станцын засварын талаар тодрууллаа.

-Өнөө жил хэдэн зуух, турбин засах вэ?

-Манайх 9 зуухтай. Зуухыг 4 жил тутамд засах ёстой. Тэгэхээр жилд 2 зуух засах ёстой гэсэн үг. Гэсэн ч засвар хийх төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа учир энэ жил 1 зуух засаж байна.

Дарханы ДЦС 5 турбингенератортой. Өнөө жил ганцхан 3-р турбинээ засаж байна. Хамгийн сүүлд 2019 онд шинэчилсэн 5-р турбиныг ирэх жилээс засах шаардлагатай болно. 7 жил ашиглаж байгаа юм. Тэр үеэс эхлээд, жилд 2 турбин засах шаардлага үүснэ. Энэ байдлаараа бол дараа жил манайх 2 турбин засаж чадахгүй. Яаж ч хичээгээд, үүнд шаардлагатай мөнгийг олж чадахгүй.

Яавал мөнгөтэй болох бол?

-Үүнийг цахилгаан, дулааны үнэ нэмэх замаар шийдэх нь хамгийн зөв хувилбар. Үнийг хөдөлгөлгүй нэлээд удчихлаа. Үнэ тарифаа нэмбэл боловсон хүчин, тоног төхөөрөмж солих, засвар хийхээс эхлээд олон асуудал шийдэгдэнэ.

-Өнөө жилийн засварт хэдэн төгрөг зарцуулж байна вэ. Засварын зардал хүрч байна уу?

-Тоноглолын их засвар, урсгал засвар, хөрөнгө оруулалт зэрэг ажилд 13 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ мөнгө хүрэхгүй байгаа.

4-р сарын 20-нд бид 4-р зуухандаа их засвар хийж эхэлсэн. 9-р сарын 30 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. 3-р турбингенераторын их засварыг өнөөдөр (2026.05.20) эхэлсэн. 9-р сарын 15 гэхэд дуусгана. 2-р туслах болерын гуулин труба солих зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан. Үүний тендерийг зарлачихсан явж байна. Трубагаа худалдаж аваад бид 9-р сарын 1-30-ны хооронд өөрсдийнхөө хүн хүчээр солино. Туслах бойлерын гуулин трубаг бид 2003 оноос хойш сольж чадахгүй явж ирсэн. Тэгэхээр гэмтэнэ, цоорно. Тэр бүрт бид халаалтын улиралд халаагч таслан, гэмтлийг нь засахаас өөр аргагүй болдог.  

-Танай бүх зуух, турбин хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Зуухнууд хамгийн багадаа 100.000-250.000 цаг ажиллаж байна. Турбинүүд бол нормоосоо 3 дахин их цаг ажиллаж байгаа. Манай станцын тоног төхөөрөмжүүд хуучирч байна. Олон хүн ам суурьшсан энэ хот дулааны ганц эх үүсвэртэй байна. Тэрнийх нь тоног төхөөрөмж хуучирсан гэдэг бол маш том эрсдэл. Тэгэхээр Дархан хотод эрчим хүч, дулааны хоёрдогч эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болоод байгаа.

-Танай тоног төхөөрөмжүүд Оросынх байх. Засвар хийх сэлбэгээ хаанаас авдаг вэ?

-Манай станцын бүх тоног төхөөрөмж ОХУ-ынх. Дайн удаан үргэлжилж байгаагаас шалтгаалан сэлбэг оруулж ирэхэд хүндрэл үүссэн. Бид бүх сэлбэг, тоног төхөөрөмжөө тендерээр авдаг. Тендерт оролцож буй компаниуд “Оросоос сэлбэг оруулж ирэхэд хүндрэлтэй байна” гэж байгаа. Зуухны тоног төхөөрөмж, труба, хоолойг Хятадаас авч байгаа. Турбиний сэлбэгийг Оросоос авдаг. Энэ бол хүндрэлтэй асуудлын нэг болсон.

Гадаадаас авдаг тоног төхөөрөмж, сэлбэгийн үнэ байнга нэмэгдэж байдаг. Харин бидний үйлдвэрлэж зардаг цахилгаан, дулааны үнэ нэмэгддэггүй. Хэвэндээ байгаад байдаг. Үүнээс шалтгаалан, засварт шаардлагатай мөнгө жил бүр багасаж, засах шаардлагатай зүйлсийнхээ заримыг нь засаж байна. Тоног төхөөрөмжийн маань найдвартай ажиллагаа энэ хэрээр буураад байна. Техник хуучирсан. Хуучрахаар сэлбэг нь олдохоо байдаг.

-Алдагдлаа танай станц 4 тэрбумаар бууруулжээ. Яаж ингэв?

-Бид 2022 онд 1-р зуухныхаа технологийг өөрчилсөн. Буцламтгай үед шаталтат зуух байсан юм. Үүнийг эрчимжсэн шаталтын технологид шилжүүлсэн. Ингэснээр хоногт 22 мВт цахилгаан хэрэглэж байсан зуух маань одоо 11 мВ-тыг хэрэглэж байгаа. Өөрийн хэрэглээ нь 2 дахин буурсан. Хэрвээ мөнгөтэй бол бид дараагийн зуухаа ингэж өөрчилнө. Энэ технологийг бид нутагшуулчихлаа.

-Дараагийн зуухаа ийм технологид шилжүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ?

-6.5 тэрбум төгрөг хэрэгтэй. Хөрөнгийн дутагдлаас болоод үүнийг хийж чадахгүй байна. Үндсэн турбин 120 мянган цаг ажиллах нормтой байдаг ч 360 мянган цаг ажиллаж байна. Засвар хийн, металлын шинжилгээ хийгээд ажиллуулаад яваад байгаа. Инженер, техникийн ажилчдын хүчээр л ажиллуулж байна. Гол саад нь санхүүжилт.

Манайх дээвэр дээрээ нарны панел байрлуулсан. Үүгээр дотоод цахилгааны хэрэгцээгээ хангадаг. Энэ мэтчилэн хэмнэлт хийж байгаа. Нийт зардлын 70%-ийг цалин, нүүрсний төлбөр эзэлдэг. Тиймээс ийм том зардлаа хэмнэхэд анхаарч байна. Бага нүүрсээр их дулаан үйлдвэрлэхэд анхаарч байна.

0/1000