horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

М.Жаргалсайхан: Шарын гол, Багануурын уурхайд 9.5 тэрбум төгрөгийн өртэй

post-img

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхантай уулзаж, дараах мэдээллийг тодрууллаа.  

-Танай станцын нөхцөл байдал одоо ямархуу байна вэ?

-Дарханы дулааны цахилгаан станц 1965 онд ашиглалтад орсон. 61 дэх жилдээ ажиллаж байна. Анх 48 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол 2019 онд 35 МВт-аар өргөтгөсөн. Дарханыг цахилгаанаар хангаад, илүү гарвал төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлдэг.

Дулааны хувьд 16%-ийн нөөц үлдсэн. Энэ жил дулааны хэрэглээ 13%-иар өсөх байх. Тэгэхээр цаана нь 3% үлдэнэ. Ингээд ирэх жилээс хэрэглээ таазандаа тулна.

Хэдэн төгрөгийн өр, авлагатай вэ?

-Манайх Шарын гол, Багануурын уурхайгаас нүүрс авдаг. Энэ 2 уурхайд 9.5 тэрбум төгрөгийн өртэй. Диспетчерийн үндэсний төвөөс 11 тэрбумын авлагатай. Бэлтгэн нийлүүлэгчдэд 4 тэрбум орчим төгрөгийн өртэй байна. 2025 онд засвар хийхэд тавьсан өрөө бас төлж чадахгүй байна.

-Энэ өрөөс болоод Шарын голын уурхай танайд 14 хоног нүүрс өгөөгүй. Танай станц 2 хоногийн нүүрстэй үлдэж, Дарханы иргэд цахилгаангүй, халаалтгүй болох шахлаа. Одоо танайх хэд хоногийн нүүрстэй байна?

-Шарын голын уурхай зогсож, манайд нүүрс өгөхгүй болоход Багануураас нүүрс татан авч байж, Дарханы хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар таслаагүй. Манай станц 2024 онд 22 тэрбум, 2025 онд 18 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.

-Өрөө яаж дарах вэ?

-Эрчим хүчний үнийг төр барьсан. 2025.05.15-наас дулааны үнийг нэмэх байсан ч Засгийн газар цуцалсан. Сэлбэгийн үнэ өсөөд байдаг. Цахилгааны үнийг 30%, дулааны үнийг 80%-иар нэмэх шаардлагатай байгаа. Энэ бол Эрчим хүчний зохицуулах хорооноос тооцож гаргасан үнэ. 1 Гкал дулааныг 36 мянган төгрөгөөр үйлдвэрлээд, 3900 төгрөгөөр борлуулдаг. Өөрийн өртгөөс нь 10 дахин хямд борлуулж байна. 1 кВт цахилгаан үйлдвэрлэх өртөг 202 төгрөг. 235 төгрөгөөр борлуулж байна. Цахилгааны орлогоос дулааны алдагдлыг нөхөж явдаг. ДЦС-ууд ер нь ийм зарчмаар ажилладаг. Үүнийг ЭХЗХ зохицуулдаг.

-Цахилгааны үнийн нэмэгдлээс орж ирсэн мөнгийг юунд зарцуулсан бэ?

-Нүүрсний уурхайнуудад өрөө өгсөн. Төмөр замаар нүүрс тээвэрлэсний төлбөрөө төлөөгүй, өр хуримтлагдсан байсан. Түүнийгээ төлсөн. Ажилчдын цалин бага хэмжээгээр нэмсэн.

-Эрчим хүчний салбарынхан цахилгааны үнийг нэмэхээс өмнө, цалин нэмэх мөнгөгүй байсан хэрнээ ажилчдынхаа цалинг нэмчихсэн байна гэж Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлсэн л дээ.

-Тэгсэн. Цалин нэмэхгүй л бол манай салбарт ажиллах хүн олдохгүй болоод байна. Одоо ч 2 сая төгрөгийн цалин голоод, ажлаас гараад байна. Дарханы ШУТИС-д дулаан, цахилгааны инженер мэргэжлээр жилд 10 оюутан л сурдаг. Энэ мэргэжлийг сонгож, сурах залуус ч эрс цөөрсөн. Нэгэнт оюутан сурахгүй байгаа болохоор бид арай дөхүү, ойролцоо мэргэжлийн залуусыг авч, сургаж байна. Залуучууд 1 жил болоод л ажлаасаа гардаг. Цахилгаан станцад ажиллаж байсан залуусыг уул уурхайн компаниуд ажилд дуртай авдаг юм билээ. Тэгээд л явчихдаг.

-Одоо танайд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Орон тоогоор бол 493 хүн ажиллах ёстой ч 462 хүнтэй ажиллаж байна. 31 орон тоо дутуу.

Дутуу орон тоо нь ямар ажлын байр вэ. Инженер, техникийн ажилчдын орон тоо дутуу биш биз дээ?

-Манайх өмнө нь цайны газраа өөрсдөө ажиллуулдаг байсан. Түүнийгээ болиод түрээслүүлдэг болсон. Харуул хамгаалалтын албаа өөрсдөө хариуцахаа болиод, дотоодын цэрэгт шилжүүлсэн. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн орон тоог хэмнэсэн гэсэн үг. Захиргааны 5 ажилчин тэтгэвэрт гарсан. Тэдний оронд хүн аваагүй.

-Дарханд шинээр ДЦС барихаар болсон. Энэ ажил ямар шатандаа яваа бол?

-Одоо Дарханд цахилгаан, дулааны 2 дахь эх үүсвэр хэрэгтэй болсон. ДЦС барихад зориулан, Дархан-Уул аймгаас газар авсан. ДЦС-ын ТЭЗҮ хийлгэсэн. Одоо судалгаа хийлгэж байна.

0/1000