Хилийн цэргийн .. дугаар ангийн .. дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байсан М.М-д холбогдох хэргийг УДШ өчигдөр хяналаа. Тэр албан тушаалаа ашиглан, эрхшээлдээ байгаа хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард зодож, айлган сүрдүүлсэн юм. Үүний улмаас байлдагч Б.С Хилийн цэргийн салбарын малын суурийн үхрийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хайж явахдаа амиа хорложээ.
Үүгээр зогсохгүй уг салбарт хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай М.М цэргийн дүрмийн бус харьцаж зодож байжээ. Мөн тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад, М.М яллагдагчаар татагдсан байхдаа хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчлөхийг ятган, худал мэдүүлэг өгөхийг ятгаж, хүсэлт бичүүлж авсан байв. Энэ хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч М.М-г албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн, цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон гэмт хэрэг үйлдсэн, гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 5 жил хорих ял оноож, 1 жил зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосон байна. Хил хамгаалах ерөнхий газраас 7.1 сая төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн объектив шинж нь байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр, давтамжтай шинжтэй хийсэн байхыг шаардах бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Хэргийн хувьд прокурор болон анхан шатны шүүх шүүгдэгч М.М нь хохирогч Б.С-г 2022 оны 7 дугаар сард удаа дараа зодсон гэмт үйлдлийн улмаас хоёр сарын дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-нд амиа хорлож, нас барсан” гэж үзсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн, албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
УДШ уг хэргийг өчигдөр хэлэлцээд, шүүгдэгч нь байлдагч нартай цэргийн дүрмийн бус харьцаж, зодож хүч хэрэглэсэн, мөн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа хохирогч гэрч нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн талаар хоёр шатны шүүх зөрүүгүй дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй, шүүгдэгч М.М нь захирагдагч нараа зодож, хүч хэрэглэж байсан нь нотлогдсон боловч амь хохирогч Б.С-г урьд нь зодож байсан үйлдлүүд нь түүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж үзэхгүй гэх агуулгатай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

