Улаанбаатар хот дахь Гаалийн газрын байцаагч М.Б иргэн Л.Ч-ийн 2024 оны 3 дугаар сард Солонгос улсаас чингэлгээр оруулж ирэн, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын импортын гаалийн бүсэд буулгасан барааг шуурхай шалгуулж, уг бараанд ногдох гаалийн албан татвараас чөлөөлжээ. Тэр иргэн Л.Ч-ийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг системд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн цахим эрхээр нэвтэрч Л.Ч-ийн гаальд мэдүүлсэн барааг “Зөвшөөрөв” төлөвт оруулсан байна. Ийн түүнийг 21,1 сая төгрөгийн татвараас чөлөөлжээ.
Харин Л.Ч нь өөрийн 21,1 сая төгрөгийн үнэ бүхий барааг гаальд мэдүүлэхгүйгээр гаалийн хяналт шалгалтын бүсээр хяналт шалгалт хийлгэхгүй нэвтрүүлэх ашиг сонирхлыг бүрдүүлэх зорилгоор нийтийн албан тушаалтан М.Б-тэй ажлын цаг дууссан байхад уулзаж, хууль бусаар нөлөөлсөн, тус хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэрэгт холбогджээ.
Энэ хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.12.01-нд хэлэлцээд, “Шүүгдэгч Л.Ч нийтийн албан тушаалтан биш. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж хангагдаагүй” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулжээ. Үүнийг прокурор эсэргүүцсэн тул нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.02.03-нд хянан хэлэлцээд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн аж.
Үүнийг прокурор дахин эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд ханджээ. УДШ өчигдөр уг хэргийг хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Ч, М.Б нарыг үйлдэл оролцоо буюу Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Л.Ч-д холбогдох хэргийг цагаатгаж, гаалийн байцаагч М.Б-ын ялын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй гэх прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. Уг хэргийг одоо анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ.

