Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2026.05.26/ хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 743.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж 9272 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1294 зээлдэгчийн 218,1 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай байгаа аж. 7978 зээлдэгч 938 тэрбум төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ. Тус санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилт олгоогүй. Зээлийн эргэн төлөлтөөс уг сан эх үүсвэрээ бүрдүүлэн, хөнгөлөлттэй зээл олгож, 2022 он хүртэл зээлийн эргүүлэн төлсөн мөнгөөр Хөгжлийн банкны болон Засгийн газрын бондын урт хугацаат өр төлбөрт нийт 123 тэрбум төгрөгийг төлж, бусдад төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулсан.
2009-2025 оны хооронд 2441 иргэн, аж ахуйн нэгжийн 575,4 тэрбум төгрөгийн буюу 50,8 хувь санхүүжилтийг Улаанбаатар хотод, 6831 зээлдэгчийн 558,3 тэрбум төгрөгийн буюу 49,2 хувийн санхүүжилтийг орон нутагт олгосон бөгөөд орон нутагт 24,885 ажлын байр хадгалж, 31,027 ажлын байр шинээр нэмэгдүүлж, нийт 41,044 ажлын байр хадгалж, 56,084 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын хүрээнд батлагдсан Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зээл олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн авлага 2026 оны эхний улирлын байдлаар 265 зээлдэгчийн 97,3 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь нийт олгосон зээлийн 2.8 хувийг эзэлж байгаа нь Хууль, тусгай активын нэгж байгуулан өр барагдуулах ажлыг боломжийн сайн гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна.
Нийт чанаргүй авлагын 92 хувь нь буюу 89,2 тэрбум төгрөгийн зээл нь 2019 оноос өмнө олгогдсон бөгөөд чанаргүй зээлийн авлагын 78 хувь буюу 75,9 тэрбум төгрөг нь шүүхийн захирамж, шийдвэрээр баталгаажсан байна. Тус санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилт хуваарилаагүй, харин сангийн өр төлбөр болох Засгийн газрын бонд болон Хөгжлийн банкны өр төлбөрийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс төлж дуусгажээ. Сан нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна гэж байлаа.


