horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга нарт шүүх ял оноолоо

post-img

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангамжийн хэлтсийн орлогч дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрээр Н.Г-тай бүлэглэн холбогдох хууль тогтоомж зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Б… ” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэнээс 2018-2019 онд нийт 205 сая төгрөг бэлнээр, мөн бусдын дансаар дамжуулан 2016-2019 онд 3 удаагийн гүйлгээгээр нийт 96.471.100 төгрөг шилжүүлэн авчээ. Үүнийхээ хариуд тус компанийг тендерт шалгаруулсан байна.

Ж.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2019 оны 9 дүгээр арын 20-нд зарласан алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллажээ. Уг хорооны нарийн бичгийн даргаар Н.Г томилогдсон аж. Тэд дахин бүлэглэж, уг тендерт “И…” ХХК-ийг шалгаруулж, үйлдвэртээ 257.6 сая төгрөгийн хохирол учруулжээ.

Ж.Ганзориг Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Ж-тай бүлэглэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгасан 1 литр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмж, тендер зарлан, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Э…” ХХК-ийг хууль зөрчин шалгаруулжээ.

2021 онд Ж.Ганзоригийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллах хугацаанд хөрөнгө, орлого нь 500 мянган ам.доллароор нэмэгджээ. Уг орлогыг тэр хууль ёсных болохыг АТГ-т үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй аж. Иймд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар хөрөнгөжсөн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Шүүх Ж.Ганзоригийг албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох, 3 жилийн хугацаад Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулжээ. Түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон 277 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгов.

Түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн Н.Г-ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жил хасаж, 20 сая төгрөгөөр торгов.

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга байсан Н.Г-ыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил хасаж, 10 сая төгрөгөөр торголоо.

0/1000