Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын улсын байцаагч Н.Ж-ийн гуйлтаар “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албаны мэргэжилтэн Х.Т татварын цахим системээс мэдээлэл устгаж, хариуд нь нийт 117,9 сая төгрөгийн хахууль авсныг АТГ тогтоожээ. Х.Т-г шүүх нийтийн албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасаж, 2 жил хорих ял оноов. Ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болов.
Х.Т-ээр татварын цахим системээс мэдээлэл устгуулсан Н.Х, Ш.Л, Н.Ж нарт АТГ хахууль өгсөн хэргээр Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Н.Х-г нийтийн албан тушаалтан хахууль авах, нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэсэн хоёр гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасаж, 4 жил хорих ял оноолоо. Шүүх Н.Х-с 60.6 сая төгрөг, Х.Т-с 117.9 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Тэднийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон бусад хүнийг торгосон байна.

