Төв аймгийн Заамар суманд 30 метр гүн ухсан нүхэнд хүүхэд унасан дуудлага өчигдөр орой онцгой байдлын албанд иржээ. Аврагчдыг очиход хүүхэд уйлж, хөдөлж байсан байна. Хүүхдийг гаргаж авахаар оролдож байгаа ч одоогоор аварч амжаагүй байгаа юм байна.
Өглөө 6 цагийн орчимд хүүхэд хөдөлгөөнгүй болсон гэнэ. Үүнийг аврагчид “Хүүхэд ядарч, унтсан байх” гэж таамаглаж байна.
30 метрийн гүнд хүйтэн учраас шөнийн турш халуун агаар нүх рүү дамжуулжээ. Нүхний ам 25 см хүрэхгүй диаметртэй, хайгуулын өрмөөр ухсан нарийн цооног учраас хүн орох боломжгүй байгаа юм. Одоогийн байдлаар нүхний хажуу талаар 5 экскаватор зэрэг ухаж “крандах” аргаар хүүхдийг аврахаар ажиллаж байна. Аврах ажиллагааг Үндэсний аврах бригад удирдан, Төв аймгийн Онцгой байдлын газар, Заамар сумын Онцгой байдлын хэлтэс ажиллаж байна.

