horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Патент гэр бүлийн биш, эхнэрийнх нь нэр дээр байсан тул шүүхэд ялжээ

post-img

Иргэн Б.М “Г” нэртэй бялуу хийж зардаг. Тэр бялууны хайрцаг дээрээ логогоо тавьж, Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээ авчээ. Гэтэл Д ХХК түүний барааны тэмдэг, патентыг хуурамчаар үйлдвэрлэн, бараан дээрээ тавин, “Н” худалдааны төвийн … дугаар лангуун дээр зарж байжээ.

Үүнийг мэдсэн Б.М холбогдох байгууллагад хандсанаар, зөрчлийн хэрэг нээн шалгаж, “Д” ХХК-д барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патентыг ашиглаж, үйлдвэрлэн, худалдсан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 5 сая төгрөгөөр торгосон байна. Үүнийг “Д” ХХК эсэргүүцэн, шүүхдэв.

Учир нь оюуны өмч хулгайлсан хэрэгт холбогдсон “Д” компанийн захирал О.О, өөрийгөө патент эзэмшигч гэсэн Б.М нар гэр бүл байсан аж. Тэд салаагүй байхдаа 2010 онд уг бялууг үйлдвэрлэн, сав баглаа боодол хийлгэж, патент авсан байв. Тиймээс уг патентыг гэр бүлийн хамтын өмч гэж О.О үзжээ. Оюуны өмчийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад 5 сая төгрөгөөр торгосон нь “Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй гэж тэр үзэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг гомдлыг хэлэлцээд “Г” нэртэй бялууны уутны хэвлэмэл загвар, барааны тэмдгийг эзэмшигч нь Б.М мөн. “Д” ХХК түүний зөвшөөрөлгүйгээр уг тэмдгийг ашигласан” гэж үзэн, О.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Тэр үүнийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2026.05.27-нд уг хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ.

0/1000