horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

post-img

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.28/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганмаа, С.Зулпхар, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь 10 жил тутамд 1024 бөхийг Үндэсний их баяр наадмаар барилдуулж, цолны үнэлэмжийг дээшлүүлэх, түүх, соёлын асуудалд ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг энэ үеэр тодотгов. Мөн тэрбээр энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буй тул үүнийг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж Улсын Их Хурлын 18 гишүүнээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлж байгаа нь энэ гэлээ.

Тухайлбал, төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх,улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

0/1000