horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монголын Эзэнт Гүрэний үеийн 7 булшийг малтан судаллаа

post-img

ШУА-ийн Археологийн хүрээлэн, АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг 2026 оны 5 дугаар сарын 12-26-ны хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Голмод хэмээх дурсгалт газарт Монголын Эзэнт Гүрэний үеийн 7 дурсгалыг малтан судаллаа. Уг газрыг 2025 оны намар Хөвсгөл аймгийн ССАЖЗ-ын газрын Соёлын өвийн хэлтсийн дарга, ШУА-ийн их сургуулийн магистрант Х.Баасансүрэн, Арбулаг сумын 1 дүгээр багийн малчин, Соёлын өвийн гэрээт харуул Ж.Алтанбаатар нар анх нээн олжээ.

Малтан судалсан 7 дурсгалын 6-г нь эрт үед тонож сүйтгэсэн аж. Ганцхан булш анхны байдлаараа, хөндөгдөөгүй хадгалагдан үлдсэн байв. Энэхүү хөндөгдөөгүй дурсгал нь өндөр настай эмэгтэй хүний оршуулга байлаа. Төмөр тоноглолтой эмээл, дөрөө, хазаар зэрэг адууны тоног хэрэгсэл, сумч хутга, цагариг ээмэг, хонины шагайт чөмөг зэргийг уг булшинд хийсэн байжээ.

Харин 4 дүгээр дурсгалаас цэвдэгтэй хөрсөнд 700 гаруй жил хадгалагдсан шаазан ваартай өрөм, 2 дугаар дурсгалаас өвөрмөц чих бариултай бүтэн шавар ваар, төмөр дөрөө, 5 дугаар дурсгалаас хос төмөр дөрөө, сумны зэвүүд, оломны арал, саадгийн дэгээ зэрэг гарсан байна.

Монголын Эзэнт Гүрэний түүх, нийгэм-соёлыг тодруулан судлахад эдгээр нь чухал ач холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн юм. Ялангуяа шаазан ваартай өрөм нь 700 орчим жил цэвдэгт хадгалагдаж үлдсэн онцгой чухал олдворт тооцогдоно.

Судалгааны багт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Мичиганы их сургуулийн багш, доктор Браян Миллер, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Р.Баярмаа, сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэг, ШУА-ийн их сургуулийн магистрант Ц.Ганзориг, С.Гялбаа, Х.Баасансүрэн болон бусад туслах ажилтан ажиллалаа.

0/1000