Монгол Улсын нутаг дэвсгэрт орших нуур, голд ембүү, алт, мөнгөн эд зүйлс өргөх зан үйл монголчуудын дунд одоо ч бий. Хөвсгөл, Буйр зэрэг нуурын ёроолд хуучны усан онгоц, завь байгаа. Эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнтэй соёлын өв болдог.
Гэтэл манай улсад усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй. Олз хайгчид үүнийг далимдуулан, усан доорх эд зүйлсийг хулгайлах, эвдэн сүйтгэх явдал гарч байна. Тухайлбал: 2018 онд Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Бадархундага нуурын ёроолоос иргэд 366 ширхэг мөнгөн аяга хулгайлсан. Үүнийг хууль сахиулах байгууллага илрүүлэн, шалгасан ч “Усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй” гэдэг үндэслэлээр шүүх эдгээр эд зүйлийг сумын ЗДТГ-т шилжүүлжээ. Отгон сумын ЗДТГ мөнгөн эдлэлүүдийн мөнгийг нь ялган авч, зах зээлийн үнээр бусдад худалдан, мөнгийг нь захиран зарцуулсан байв.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага усан доорх соёлын өвийг хамгаалах, тогтвортой хадгалах зорилгоор 2001 онд “Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц” баталсан юм. Үүнд манай улс нэгдэж, усан доорх өв соёлоо хамгаалахаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан 2026.04.30-нд УИХ-ын дарга С.Бямбацогтод “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ өнөөдөр эцэслэн батлах эсэхийг шийднэ. Уг конвенцыг УИХ соёрхон баталбал Монгол Улсад байгаа усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн үндэс тавигдана.

