“Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хянаад, 2026.05.19-нд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд 24 мега төсөл, “Туулын хурдны зам” төсөл, “1-р тойрог зам” төсөл, “Сэлбэ дэд төв” төсөлтэй холбоотой хэргүүдийг шалгаж байгаа аж. Хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:
- Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5, нийт 24 төсөл байна. Үүнээс 11 төсөлд ямар нэг санхүүжилт олгоогүй бол 13-т нь санхүүжилт олгон, хэрэгжүүлж эхэлж байгаа аж.
- Эдгээр 13 төсөл, хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл, 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаргуулан авчээ. Эдгээр баримтад зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
- Төсөл, нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ.
- Эдгээр төсөлтэй холбоотойгоор арилжааны банкинд нээсэн 30 данснаас нийт 266 их наяд төгрөг зарлагадсан байв. Эдгээр гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан байна.
- Одоогоор 7 газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч, цахим систем, гар утас, дансны мэдээлэлд 24 удаа үзлэг хийжээ.
- Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаа мэдүүлэг авч, 2 хүнийг яллагдагчаар татан, 2 хүнийг цагдан хориод байна.

