Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням:
-Хөрс нягт ихтэй, шаварлаг, зарим газраа хайргатай, усархаг байна. Ослын голомтод ОБЕГ-ын харьяа Уул уурхайн 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн Цагдаагийн газар, холбогдох байгууллагын нийт 90 хүн, 22 автомашин, 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн 09 дүгээр анги бол уул уурхайн салбарт аврах ажиллагаа явуулдаг мэргэшсэн анги. Энэ анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Олон улсад ашигладаг тактикаар аврах ажиллагааг явуулж байгаа.
70 м урт, 45 м өргөн газрыг 5 эксковатороор, техникийн хүчээр ухлаа. Өчигдөр оройн 22 цагт тактикийн түвшинд буюу ухах хамгийн доод түвшинд аваачсан. Түүнээс хойш гараар хөндлөн ухаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 5 м гаруй ухаад байна.
Маркшейдерийн тооцоонд үндэслэн, энэ ажлыг хийж байгаа. Гүнд газар малтаж байгаа учир том оврын техникээр ухах боломжгүй. Тийм багаж хөрс доргиох, нураах эрсдэлтэй. Тиймээс аврагчид жижиг багаж ашиглан, гар аргаар ухаж байна.

