Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Монгол даяар хүүхдийн инээд цангинаж, баяр хөөрт умбан, энхрий жаахан үрсээ дагуулаад ээж аавууд жаргалтай явна. Гэрэлтэй, жаргалтай. Гэрлийн эсрэг талд унасан сүүдэр, жаргалын нөгөө талд хургасан зовлон гэж бий.

Уул уурхайн цооногт унасан 3 настай охин ийм нэг сүүдэрт даарсаар хорвоогоос одлоо. Түүнийг амьд байгаасай гэж залбирсан сэтгэл бүхэн, зүрхнийх нь цохилтыг зогсоохгүй байхыг хүссэн зүрх бүхэнд энэ осол олон зүйл бодогдуулж, бөөн сургамж үлдээлээ. Гэрэл байгаа цагт сүүдэр байх нь жам. Гэхдээ… Нар дээр мандах тусам сүүдэр богиносдог. Үүнийг л бид зорьж, Нарыг бүүр дээр, улам дээшээ мандуулах хэрэгтэй. Үүнийг өнөөдөр ухаарч, маргааш марталгүй хэрэгжүүлбэл 3 настай тэр охины үхэл үнэ цэнтэй болох болно.

Үүний тулд бид олон зүйл хийх хэрэгтэй. Юуны түрүүнд уул уурхай эрхлэгчдийг хариуцлагатай болгох ёстой. Малчин хүн хүртэл гар утас, интернэт, хөлдөөгч, зурагтгүй бол хэцүүдэх энэ цаг үед уул уурхай хэрэггүй, хаая гэх нь утгагүй. Хэзээ ч бүтэхгүй, амьдралаас хол тийм юм ярих хүн одоо олширно. Нүүрс, зэсээ зарж, хэдэн төгрөг олж амьдардаг Монгол Улс тэгвэл баларна. 3 сартай хүүхдээ хүртэл газрын ховор элементээр хийсэн гар утсаар саатуулдгаа мартаад, “морь харах”-даа хүртэл унадаг “Приүс” нь уул уурхайгаас бүрэн хамааралтайг мэдэлгүй, амныхаа зоргоор чалчих хүмүүс нэг хэсэгтээ мундахгүй.

Одоо зүгээр л хариуцлага ярья

Чи, та, бид бүгдээрээ уул уурхайгүйгээр амьдарч чадахаа нэгэнт өнгөрсөн. Одоо зүгээр л хариуцлага ярья. Хариуцлагатай байхыг уурхайчдаас шаардъя. Цаасан дээр төсөл бичихээс эхлээд, газар дээр шороо ухаж дуусах хүртлээ бүх шатандаа хариуцлагатай байж сурвал ийм асуудал дахин гарахгүй.

Алтны шороон ордод хайгуул хийхдээ 219 мм диаметртэй өрөмддөг. Өрөмдөж авсан хөрснийхөө оронд цемент цутгаж, “Энд өрөмдлөг хийсэн” гэх тэмдэглэгээ тавих дүрэмтэй. Өрөмдлөгийн компани ажлаа ингэж ном ёсоор нь дуусгасан бол ийм осол гарахгүй байх байлаа. Өрмийн 21.9 см нүхэнд хүн, амьтан багтахгүй гээд тоогоогүй байж мэднэ. Гэвч хүүхэд багтдагийг бүгдээрээ харлаа, мэдлээ.

Өрөмдлөг хийлгэсэн компани ч гэсэн үүнд хяналт тавьж, өрөмдлөгийн цооногийг битүүлэн, хүлээж авах үүрэгтэй. Өрөмдлөг хийлгэх захиалга өгч, гэрээ байгуулахдаа л өрөмдүүлэх талбайгаа зааж өгдөг. Геологичоо томилон өрөмдлөгийн ажилд хяналт тавиулах, өрөмдүүлэх цэгээ зааж өгөх, өрөмдөөд гаргаж ирсэн кернийг хүлээж авах, цооног битүүмжлэн, тэмдэг тавихыг хянах зэрэг нь захиалагчийн эрх, үүрэг. Гэвч энэ үүргээ захиалагч биелүүлээгүй байжээ.

Нар дээр мандах тусам сүүдэр богиносдог

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгыг Монголын уул уурхайн үндэсний ассоциац 2006 онд гаргасан. Түүнээс хойш 20 жил болж байхад, уул уурхай бүрэн хариуцлагажиж чадсангүй. Хариуцлага шаардах, хянах, шахах үүрэгтэй төр, төр баригч МАН өөрөө ч хариуцлагагүй байгаа юм чинь арга ч байж уу.

Аврагч. Үүрэг нь аврах. Амийг, эрүүл мэндийг, эд хөрөнгийг аврах. Цогцсыг авардаггүй. Гаргадаг. Энэ удаад аварч болох амийг аварч чадсангүй гэж газар дээр нь харж зогссон хүмүүс хэлж байна. Молдак ажиллуулж чаддаггүй гэж Уул уурхайн аврах ангийн залуусыг нинжа нар голлоо. Монголд анх удаа гарсан осол гэж ОБЕГ-ынхан өөрсдийгөө өмөөрлөө. Тэгэхээр тэр хүүхдийн амиар цооногоос хүн аврах дадлага хийчихлээ. Аварч чадахгүйгээ шууд хэлээд, Хятадаас тусламж гуйх боломж тэдэнд байсан. Тэгсэнгүй. Монгол Улсын онцгой байдлын алба гэдэг нэрээ бодоод, Хятадаас тусламж гуйх байтугай нинжа нарын тусламжаас татгалзав. Нинжа нарыг зөв удирдах арга ч онцгой байдлын дарга нарт байгаагүй болоод тэр биз!

Миний, чиний хүүхдийг чи биднээс өөр хэн ч чам шиг, над шиг хамгаалахгүй. Үүнийг бүгдээрээ бодож, үр хүүхдээ өөрсдөө л хамгаалъя. Уул уурхайн хүнд машин механизм холхиж байдаг талбайд хүүхэд оруулах нь байтугай ажилчид нь ч дураар холхидоггүй. Хамгаалалтын иж бүрэн хувцас өмсөх, машин дээрээ урт иштэй туг хатгаж явах, ослын гэрлээ асаах гээд нарийн дүрэмтэй. Гэтэл хүүхдээ дагуулаад зөвшөөрөлгүйгээр, гар аргаар алт олборлож яваад, алдчихлаа. Алтнаас үнэтэй амь гэж байх юм уу, үгүй гэдгийг тэд өөрсдөө бодсон л байлгүй. Хэн ч тэднийг хүчээр авчраагүй.

Гэхдээ… ард түмнийг хууль бусаар алт ухаж амьдрах зам руу түлхэж буй нь МАН. Өнгөрсөн жилүүдэд, одоо ч УИХ, Засгийн газрыг энэ нам удирдаж байна. Хойшид ч удирдахаар санаархаж яваа. Тэд ард түмний амьдрал, үр хүүхдийн амь насанд санаа тавихаа умартаж, албан тушаалаа булаацалдаад завгүй явна. Одоо тэд “Рэдбулкан” компанийн лицензийг цуцлаад л асуудлыг мартуулна. Мартахгүй байж сануулах, шаардах, хариуцлага нэхэх эрт ард түмэнд оногдож байна. Гэрэл гэгээгээ ард түмэн өөрсдөө л асаахгүй бол МАН, түүний УИХ, ЗГ асаахгүй.

- Шинэ
- Хандалттай